СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад арван жилийн өмнө 40 сая, 20 жилийн өмнө 23 сая мал бэлчээрлэж байв.  Гэтэл өдгөө хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай. Ийн малын тоо эрчимтэй өсөж байгаа ч  эсрэгээрээ малчдын тоо буурлаа.

Тухайлбал, өнгөрсөн онд 305 мянга гаруй малчин өрх тооллогод хамрагджээ. Энэ тоо жилээс жилд буурах эрсдэлтэйг судлаачид анхааруулав.  Мөн мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал хүний эрхийн томоохон сорилт болж байгааг Хүний эрхийн үндэсний комисс онцоллоо.

Тэр дундаа туслах малчид төрийн бүх үйлчилгээнээс хаягдаж, боловсрол олж авах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас эхлээд олон эрхээ зөрчүүлж байгааг судалгаагаар нотолжээ. “Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар” хэмээн эрх баригчид мэдээлдэг ч бодит байдал дээр тэдний эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлыг хөсөр хаясныг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгаанд дурдсан байна. Тус судалгаанд зургаан аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулжээ. Энэ нь малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн анхдагч түүвэр судалгаа юм.

Хүчирхийллийн асуудал нуугдмал байдаг

Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 29-ний 34 дүгээр тогтоолоороо анх удаа “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталж, “...мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг гэрээний үндсэн дээр маллаж байгаа бол туслах малчин” гэж томъёолж байв. Хөтөлбөрийн 4.3.2-д “туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн заалтыг тусгасан байдаг. Гэвч малчдын хотонд энэ заалт огт хэрэгжилгүй хоёр жил боллоо.

Эсрэгээрээ туслах малчдыг боловсролгүй, залхуу, найдваргүй хүмүүс хэмээн нийгмээрээ үнэлж, улмаар тэд аливаа төрлийн хүчирхийлэлд өртөх, бие махбодын болон сэтгэл санааны халдлагад өртөх эрсдэл нь улам нэмэгдэв.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчин:

“Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Би ганц хуруудаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруулахаас өөр аргагүй болсон” гэж ярьжээ. 

Амьдралын боломж муутай, олон хүүхэдтэй, боловсрол багатай, муу зан авиртай хүмүүс туслах малчин хийдэг гэх хэвшсэн ойлголт нь тэднийг ялгаварлан гадуурхах, үл хайхрах, дорд үзэгдэх, дээрэлхүүлэх зэргээр эрх нь зөрчигдөх үндэс болдог аж.

Туслах малчдыг хүчирхийлж байгаа хүмүүс нь зөвхөн ажил олгогч малчин бус тэдний гэр бүлийн гишүүд байгааг судалгааны дүн харуулжээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчид мэргэжлийн байгууллагад хандаж үйлчилгээ авахгүй байгаа тул хүчирхийлэл далд хэлбэрт үргэлжилсээр байна гэж ХЭҮК дүгнэсэн байна. Судалгаанаас харахад 10 хэрэг тутмын 8-9 нь ямар нэгэн хуулийн байгууллагад бүртгэгдэхгүй, далд хэлбэрт үйлдэгджээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 35 хувь нь “Хаана, хэнд хандах талаар мэдэхгүй” гэж хариулжээ.

“Өдөрт 17-18 цаг ажиллаж байна”

Судалгааны үр дүнгээс харахад малчид эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай авч чаддаггүй байна. Ганцаарчилсан ярилцлагын  үеэр малчид:

“Ажлын онцлогоос хамааран хүссэн үедээ эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмчид хандаж чаддаггүй. Ихэвчлэн аливаа өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг” гэж хариулжээ.

Ялангуяа туслах малчдын тухайд гэнэт өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээр малаа шууд орхиод явах боломж байдаггүй. Гэсэн атлаа судалгаанд оролцсон туслах малчин өрхийн жилийн дундаж орлого нь 5.3 сая төгрөг байгаа нь орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65 хувиар бага байна. Ингэснээр туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдрахад хүрээд байгаа юм.

Туслах малчид нь мал аж ахуй  эрхлэхээс гадна хоол хийх, хүүхэд харах гэх мэт ахуйн хүрээний ажилд оролцдог. Мөн тэд амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон шөнийн цагаар ажилладаг ч илүү цагийн, шөнөөр ажилласан, амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласны нэмэгдэл огт тооцогддоггүйгээс эрх нь зөрчигддөг юм.

Энэ талаар Архангай аймгийн Ихтамир сумын туслах малчин:

“Үүрийн 5:00, 6:00 цаг гэж босож ажилдаа гараад орой 22:00, 23:00 цаг гэж гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ амралтын өдөр байхгүй. Долоо хоногийн бүх өдөр ажиллаж байна. Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр хэцүү. Өдөр бүр малд явна” гэж ярьжээ.

Малчдад чиглэсэн эрх зүйн, иргэний, эдийн засгийн боловсролын талаарх сургалт, мэдээллийн хэрэгцээ илүү чухал байгааг судалгааны явцад тэд илэрхийлжээ.

ХЭҮК-оос УИХ-аар шийдвэр гаргуулахаар өгсөн саналд “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, ажлын байраар хангах үүргийг хуульчлах. Туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах” гэж тусгажээ.

Тиймээс энэ саналыг хууль тогтоогчид хүлээн авч, хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр малчдын залгамж халаа тасрах гэсэн нэгэн том асуудал шийдэгдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.