Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог. Өнөөдрийн /2022.02.16/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.
Танилцуулгатай холбоотойгоор нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил 0-18 насны хүүхдүүдийг ч мөн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамруулахаар нэмлээ. Насанд хүрэгчид 23, хүүхдүүд 15 төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
2022 онд өвчнийг эрт илрүүлэх үйл ажиллагаанд 60,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ
Эрүүл мэнд, өвчин эмгэгийн эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэн, даамжруулахгүй эмчилж, сэргийлснээр хувь хүний амьдралын чанар, хүн амын дундаж наслалт нэмэгдэх, цаашлаад эмнэлгийн ачаалал багасгах, улсын орны эдийн засагт учруулж буй эмнэлгийн зардлыг бууруулах ач холбогдолтой юм.
Манай улсын иргэдийн дунд тэргүүлж буй өвчлөлийг эрэмбэлбэл:
Нэгдүгээрт, Амьсгалын тогтолцоо
Хоёрдугаарт, Бэлгийн замын халдварт өвчин
Гуравдугаарт, Хоол боловсруулах замын эрхтэн
Дөрөвдүгээрт, Гэмтэл согог гэх мэтээр үргэлжилдэг.
Нас баралтаар зүрх судасны өвчлөл тэргүүлэх байр суурь эзэлдэг бол хавдар, осол гэмтэл, амьсгалын зам удаалдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн гол ач холбогдол нь эдгээр өвчлөл рүү чиглэсэн бүх шинжилгээг хамруулна. Олон улсад хэрэглэгдэж байгаа 24-25 нэр төрлийн оношилгооны 17-г манай улс хийдэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.