Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-ны хооронд нийт 268 чингэлгээр 3.964.3 тонн ачаа татан авсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээс илүү ачаа, тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээврийн хэрэгсэл экспорт, имтортын тээвэр хийж байна. Мөн Замын-Үүд авто замын боомтоор 50-65 чингэлэг тээвэр нэвтрүүлж байгаа ба авто тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэх ажлыг давхар хийдэг. Замын-Үүдэд байгаа хоосон чингэлгүүдэд ариутгал хийн өдөрт 20-35-ыг нь буцааж байгаа. Мөн овор, хэмжээ ихтэй ачаа барааг хэрхэн оруулж ирэх талаар БНХАУ-тай хэлэлцэн, уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ авто тээвэр, төмөр зам, чингэлгийн тээврээр гэсэн гурван төрлөөр ангилан оруулж ирэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо, тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцсон” гэв.
Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Гашуунсухайт боомтоор хоёрдугаар сарын 5, 7-8-ны өдрүүдэд 238 тээврийн хэрэгсэл нүүрс, зэсийн баяжмал 88, импортын бараа материал 22 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Мөн Булган боомтоор хоёрдугаар сарын 7-8-ны өдөр нүүрс ачсан 145 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор ачаатай 99 тээврийн хэрэгсэл тус тус хилээр гарсан. Цагаан сарын бүх нийтийн амралтын өдрүүдээр Алтанбулаг боомт хэвийн ажиллаж, хоёрдугаар сарын 1-7-ны өдөр импортын ачаатай 211 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн байна. Боршоо, Цагааннуур боомтууд хоёрдугаар сарын 1-6-ны хооронд амарч 7-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг онцлон хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.