Канадын ачаа тээврийн жолооч нар вакцины мандат болон коронавирусийн хязгаарлалтуудыг эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулж байгаагийн улмаас нийслэл Оттава хот хоёр дахь өдрөө зогсонги байдалд ороод байна.
Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар АНУ, Канад хоорондын тээврийн вакцины мандатыг энэ сарын 15-нд нэвтрүүлсэн бөгөөд үүний хүрээнд вакцинд хамрагдаагүй тээврийн жолооч нар гэртээ буцаж ирснийхээ дараа тусгаарлалтад орох шаардлагатай болжээ. Гэвч энэхүү дүрмийг эсэргүүцсэн жолооч нар болон консерватив бүлгүүдийн эвсэл Канадын баруун хэсгээс урт цуваагаар хөдөлсөн бөгөөд замдаа илүү олон дэмжигчтэй нэгдэн явсаар, Оттава хотын төвд байрлах Парламентын толгодын ойролцоо цугларсан байна.
"Эрх чөлөөний цуваа" гэж нэрлэсэн уг хөдөлгөөнд олон мянган жагсагч нэгдсэн бөгөөд тэд улс хоорондын тээврийн жолоочдын вакцины мандат төдийгүй тус улс даяарх бүх мандатыг цуцлахыг шаардаж байгаа юм.
Одоогийн байдлаар Парламентын ордны эргэн тойрны гудамжийг олон тооны ачааны машин хаагаад байгаа бөгөөд жагсагчид хөшөө дурсгалуудыг сүйтгэн, цагдаа, хотын ажилтнуудыг заналхийлж, айлган сүрдүүлж байгаа тул хэд хэдэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж албаныхан мэдээлжээ. Ерөнхий сайд Трюдо болон түүний гэр бүлийг аюулгүй байдлын үүднээс Оттава дахь гэрээс нь нууц байрлалд нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.