БНХАУ-ын эрх баригчид "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад зориулж интернэтийн хязгаарлалтаа устган, "Facebook", "YouTube" зэрэг вэбсайтад нэвтрэх боломж олгоно гэж мэдэгдээд байгаа билээ. Харин олон улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд тамирчдыг болгоомжтой байхыг анхааруулж байгаа юм.
Тодруулбал, энэ удаагийн олимпын наадмын албан ёсны ивээн тэтгэгч, ханган нийлүүлэгчдийн тоонд хувийн мэдээлэл цуглуулах, тандалт, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн хятад компаниуд багтжээ. Тиймээс, эдгээр систем нь гадаадын тамирчдыг Хятадын ихэнх иргэдтэй адил тандаж, хөдөлгөөнийг нь хянана гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.
Жишээлбэл, Хятадын төрийн байгууллагууд, эсвэл гэмт хэрэгтнүүд "Wi-Fi" сүлжээг ашиглан хувийн харилцаа холбоонд нэвтэрч, аливаа төхөөрөмжид аюултай программ, вирусийг суулгах эрсдэлтэй юм.
Энэхүү болзошгүй аюулыг олон орны зүгээс нухацтай авч үзэж байна. Австрали, Бельги, Нидерланд, Канад улсын албаныхан тамирчдыг хувийн электрон төхөөрөмжөө гэртээ үлдээж, боломжтой бол хоёр дахь утсаа авч явахыг зөвлөж байгаа аж. АНУ-ын зүгээс тамирчдадаа мөн адил анхааруулгыг хүргэн, тэдний хувийн төхөөрөмж цахим халдлагад өртөж болзошгүйг онцолжээ.
Австралийн Олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар "Австрали улс тамирчдаа өөрийн "Wi-Fi" сүлжээгээр хангах бөгөөд манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүд үүнийг хариуцна" гэж хэлсэн юм.
Харин Бээжингийн Зохион байгуулах хорооноос энэхүү мэдээллийг эрс няцааж, "Энэ нь огт үндэслэлгүй зүйл бөгөөд санаа зовох шаардлагагүй" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Japan Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.