УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.
Ерөнхийлөгчийн саналд Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор тусгасан.
Мөн Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг, Швецайрын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус томилохоор тусгасан байсан.
Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн олон улсын харилцаа хурцдаж, ээдрээтэй болж байгаа цаг үед гадаад харилцааны бодлого, томилгоонд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Мөн тэрбээр, “Дипломат алба бол төрийн тусгай алба. Өнөөдрийн чуулганаар үг хэлсэн УИХ-ын бүх гишүүн цар тахлын дараа гадаад харилцааг эдийн засагтай уялдуулах талаар зөвлөж байна.
Тухайлбал, Элчин сайдаар томилогдсоныхоо дараа Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан байдал, ДНБ-ийг өсөхөд нөлөөлсөн, шинэ төсөл хэрэгжүүлсэн, хөрөнгө оруулагчдыг татсан байдлаар нь ажлыг нь дүгнэдэг болоход ГХЯ анхаарч үзэх ёстой. Монгол Улс Булангийн орнуудтай хамтран хөдөө аж ахуйг хөгжүүлэх өргөн боломж бий. Тэр дундаа Кувейт, Катар, АНЭУ гэх мэт. Монголын аж ахуйн нэгж Булангийн орнууд руу мах нийлүүлэхээр гэрээ хэлцэл хийсэн гэсэн мэдээлэл байгаа ч үр дүн нь тодорхойгүй байна. Тиймээс үүнд анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад ГХЯ-наас ямар бодлого хэрэгжүүлж буйг тодрууллаа.
Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахад боловсон хүчний асуудал чухал байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгосон юм. Тухайлбал, БНСУ-д амьдардаг 42 мянган иргэний асуудлыг ердөө хоёр хүн хариуцаж байгаа хэмээсэн юм. Тиймээс Монгол Улсын иргэд олноор амьдардаг улс орнуудад Консулын хэлтэс шинээр байгуулж, зарим газарт орон тоо нэмнэ гэлээ.
Гадаад харилцааны салбарт улсын төсвөөс жилд хэдэн төгрөг зарцуулж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тодрууллаа. Мөн гурван жилийн дараа Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын харилцаанд ямар дэвшил, дүн гарна гэж үзэж буйг нэр дэвшигч Д.Гэрэлмаагаас асуув.
Монгол Улс гадаадад 47 дипломат төлөөлөгчийн газартайгаас 32 нь Элчин сайдын яам аж. Гадаад харилцааны салбарт 92 тэрбум төгрөгийн зардал төсөвлөсөн байна. Гэхдээ Элчин сайдын яамд жилийн зардлаасаа багадаа 5 дахин зээл, тусламжийг Монгол Улсад оруулж ирдэг гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбарлав. Мөн дипломат ажилтнуудын цалин дэлхийн дунджаас 40 хувиар бага байгаа ажээ.
Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Гэрэлмаа, “Швейцарийн Холбооны Улстай өнөөдрийн байдлаар гадаад худалдааны эргэлт 1.7 тэрбум ам.доллар байгаагаас экспорт 1.6 тэрбум байна. Үүний ихэнх хувийг алт эзэлж байна. Импортийн хэмжээ 35.1 сая ам.доллар. Хэрэв Элчин сайдаар томилогдвол гадаад худалдааны эргэлтийг сайжруулж, экспортыг нэмэхэд идэвхтэй ажиллана. Өнөөдрийн байдлаар Швейцарийн Холбооны Улсын 72 компанийн хөрөнгө оруулалт Монголд бүртгэгдээд байна” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд 52 гишүүн оролцсон бөгөөд хуралдааны шийдвэрийг УИХ-аас Ерөнхийлөгчид албан бичгээр хүргэхээр тогтсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.