СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-18

БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томиллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы /2022.01.18/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад ШӨХТГ-ын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.   

Тэрбээр, Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ сайдыг танилцуулж байна. БОАЖ-ийн сайд асан Н.Уртнасан нь Ерөнхий сайдаас өгсөн хугацаат үүрэг даалгаврыг хангаж ажиллаагүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Хуулийн дагуу нөхөн томилох хүрээнд Б.Бат-Эрдэнийг томилох шийдвэрийг танилцуулж байна. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд төрсөн. 1996 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд Улаанбаатар их сургуулийг төгссөн.

2012-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2016-2017 онд УИХ-ын тамгын газарт гишүүний зөвлөх, 2018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2020 оноос ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан. Улсад 18 жил ажилласан туршлагатай гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд сайдад нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Шууд хэлье. Шинэ сайд PR-аа багасгаарай. Таныг харж байхад PR чинь хэтэрхий их шүү. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээгээр цээжээ дэлдээд байвал иргэдийн хүлээлт нэмэгддэг. Цаасан дээр бичсэн ажлаа хийж гүйцэтгэж, ажлаа дуусгахыг хүсч байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам Эдийн засгийн байнгын хороонд ажлаа тайлагнадаг. Ажлаа сошиалаар явуулдаг байдлыг таслан зогсооно гэж Ерөнхий сайд хэлж байсан. Тиймээс танд сануулж хэлэхэд ажлаа хийж дуусгаарай. Тантай хамтран ажиллана. Гэхдээ ам, яриагаа багасгаарай. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Агаарын бохирдлыг бууруулах тал дээр хэр анхаарч ажиллахыг илүү сонирхож байна. Ажил үүргийн хувьд чухам юу хийхээр төлөвлөсөн бэ?

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: 2019-2020 онд хотын утаа үндсэндээ 50 хувь буурсан ч өнгөрсөн өвөл Тавантолгой түлш компанид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээгүйн улмаас утаа багасахад дорвитой дэмжлэг болж чадаагүй. Цаашид сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүн, чанар дээр онцгой анхаарч, технологийн шийдлүүд дээр маш сайн ажиллах ёстой гэж харж байна.

Б.Бат-Эрдэнэ: Утаатай холбоотой асуудал бол зөвхөн яндан биш. Гэр хорооллын өрх болоод автомашины утаа, тоос тортог болоод дулааны цахилгаан станц зэрэг үндсэн дөрвөн шалтгаанаас агаарын бохирдол үүсч байгаа. Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэлтүүдийг хийх ёстой гэж харж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: БОАЖ-ын сайд солигдоод л утаа арилна гэж харж байгаа бол би Ерөнхий сайдыг буруу оношилсон байна гэж хэлнэ. Энэ бол Эрчим хүчний яамтай холбоотой асуудал. Мөн Тавантолгой түлш компани лээр ч хариуцлага тооцох ёстой. Сайжруулсан түлш хийж байгаа барьцалдуулагч зэрэг дээр Засгийн газраас тодорхой ажлын хэсэг гаргаж хяналт шалгалт хийх ёстой. Бодлого тодорхойлж, батлагдсан зардлыг төлөх тохиолдолд агаарын бохирдлоос болж ажлаасаа чөлөөлөгдөнө гэвэл хэний ч хувьд утгагүй санагдана. Тиймээс энэ тал дээр цаашид ямар бодлого хэрэгжүүлэх талаар хариу өгөхийг хүсч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: . Сайдаа дэмжиж ажиллаж чадаагүй байж ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэвэл утгагүй. Зөвхөн сайддаа захирагдаж ажилладаг жишгийг тогтооно. Энэ тал дээр парламент нэгдсэн байр суурьтай байж чадвал төрийн байгууллагын бүх шатанд хариуцлагын схем бүрэлдэнэ. Анхан болон дунд шатанд "Сайд ирж л байдаг, буцаж л байдаг" гэдэг яриа хүртэл гарсан байна. Тиймээс сайн, муу ажилласан гэхээс илүүтэй шат шатны удирдлагууд холбоотой ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр БОАЖ-ын сайдыг чөлөөлсөн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖЯ-ны удирдлагыг бүрэн эхээр нь шинэчилж байна. Уг нь утааг бууруулах асуудал чинь Эрчим хүчний яамны ажил биш үү. Мөн БОАЖЯ-ны удирдлагуудаас гадна төрийн нарийн бичгийн даргыг өөрчилж байгаад гайхаж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Оюутолгойн газрын гүний усыг ашиглах тал дээр БОАЖЯ маш муу ажилласан. Ус ашиглалтын төлбөрийг заавал авах ёстой. Энэ тал дээр та ямар бодлого баримталж ажиллах вэ? Богдхан уулын ойр орчмын дархан цаазат газарт нийтийн эзэмшлийн орон сууц барьсан ч түүнийг нь иргэд эзэмших эрхгүй байна. Энэ тал дээр мөн тайлбар өгөхгүй юу?

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутаг дээр 480 иргэн 910 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа. Богд уулыг тойрсон амуудад 43 мянган иргэн амьдардаг. Үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалттай газар нутгийг эзэмших, ашиглах хууль зөрчсөн зөрчил их бүртгэгддэг. Тиймээс энэ тал дээр БОАЖЯ-наас онцгой анхаарч ажиллана гэж бодож байна.

Гишүүд сайдад нэр дэвшигчээс асуулт асууж дууссаны дараа УИХ-ын чуулган дараагийн хэлэлцэх асуудалдаа орлоо. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд салбарын сайдыг парламентэд зөвхөн танилцуулна гэсэн заалтын дагуу санал хураалт явсангүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.