УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд эрх нь зөрчигдсөн иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх журам, тогтолцоо, зохион байгуулалтын талаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хэлэлцэж байна. Улсын өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг ярихгүй бол болохгүй байна. Гурван мөрдөгч нэг этгээдийг эрүүдэн шүүж, хийгээгүй 15 хэргийг нь хийсэн болгосон үйлдэлдээ өнгөрсөн долоо хоногт ял авсан. Намайг оюутан байхад л ял авдаг гэсэн асуудал яригддаг байсан. 20 гаруй жилийн өмнө л хэрэг, ял наймаалцдаг явдал байсан. Бид наанаа л эрүүдэн шүүлт байхгүй болсон, тэмцэж байгаа гээд байдаг. Гэтэл энэ асуудал одоо ч байсаар байна.
Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүс өмгөөлөгчийнхөө барааг харчих юмсан гэдэг асуудал их яригддаг. Улсын өмгөөлөгч томилоод өгдөг ч өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчтэйгээ уулздаггүй. Сэтгэл байхгүй энэ хийдлээр хүний эрх маш их зөрчигддөг. Мөрдөгч “Чамд улсын өмгөөлөгч байгаа. Чи хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлчихсэн” гээд хууль зүйн хувьд цэвэр байлгадаг, цаанаа хэрэг хүлээлгэдэг, ял наймаалцдаг тогтолцоо хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан хэргээр энэ байдал нотлогдлоо. Уул нь улсын өмгөөлөгч гэдэг чинь хууль зүйн туслалцаа авч чадахгүй ядарсан хүмүүсийн эрхийг нь хамгаалах гэж төсвөөс мөнгө гаргаж байгаа ч бид өөрсдийгөө хуураад байгаа юм биш үү.
Цагдан хорих байран эрүүдэн шүүдэг, ял наймаалдаг байдал байсаар байгаа гэдгийг уулзсан хүмүүс хүртэл хэлж байна. Энэ асуудалд гол оролцож байгаа этгээдүүд нь мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд байдаг. 461 дүгээр ангид камергүй нэг булан байдаг юм байна. Тэнд аваачиж байгаад рецедив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг юм байна. Тэднээр дамжуулж хэдэн хэрэг хүлээчих гэж эрүүдэн шүүдэг асуудал сонсогдож байна. Үүнийг таслах зогсоохын тулд юу хийх хэрэгтэй вэ. Ер нь цагдан хорьж шалгадаг гэмт хэргийн тоог хязгаарламаар юм билээ. Малын хулгай, танхайн гэмт хэргийг хүртэл цагдан хорихоор өргөжүүлсэн. Үүнийг далимдуулж хэрэг хүлээдэг юм байна.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайхан:
-Улсын өмгөөлөгч өөрийгөө хамгаалах чадваргүй, санхүүгийн боломжгүй хүмүүст туслалцаа үйлчилгээ үзүүлж байгаа учир ачаалал нь их байна. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой юм. Ядаж л урьдчилан хорих анги руу ирж очих зардал байдаггүй. Тиймээс энэ асуудлыг хуульд тусгасан. Цалинг нь шүүх, прокурорынхтой ойролцоо болгоё гэж шинэ хуульд оруулж байгаа юм. Ял наймаалцдаг асуудал бол хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаатай л холбоотой. Түүнээс биш өмгөөлөгч үүнийг мэдчихээд хамт хэрэг хүлээлгэх гээд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр хэргийн шалгахад анхнаас нь өмгөөлөгч байлцаад явбал хүний эрхийг зөрчихгүй байх боломжтой гэж харж байгаа.
Хууль зүй,дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж:
-2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчдад хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг баталж, 2014 оноос өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна.Энэ хугацаанд Хууль зүйн туслалцааны төв 72 албан хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг, 2 суманд, 31 салбараар дамжуулан хууль зүйн туслалцааны үйл ажиллагаа үзүүлж байгаа. Энэ хугацаанд нийт 62502 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн. 17506 хэргийн 19042 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 30-40 хувь, өмгөөллийн үйлчилгээ 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 56 хувь нь эрүү, 39 хувь нь захиргааны акттай холбоотой үйлчилгээ үзүүлсэн байна. Төлбөрийн чадваргүй иргэд хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, газар өмчлөл, үл хөдлөхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсч байсан. Хоёрдугаар асуудал 461 дүгээр ангид хүнийг эрүүдэн шүүдэг явдал байхгүй. Тэнд Хүний эрхийн үндэсний комисс, прокурорын байгууллага, камерын хяналтад үйл ажиллагаа явуулдаг. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улсын өмгөөлөгчөөр орон нутагт нэг бол тэтгэвэрт гарсан, нэг бол сургуулиа дөнгөж төгссөн хүүхэд очдог. Эмзэг бүлгийн иргэдэд, нийгэмд тустай ажил эрхэлдэг эдгээр иргэдийн нийгмийн асуудал нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаа вэ энэ асуудлыг яаж хуульд тусгасан вэ? Цалин мөнгө нь нэмэгдэж байгаа юу?
Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж:
-Улсын өмгөөлөгчөөр 72 хүн ажиллаж байна дунджаар 840 мянган төгрөгийн цалин авч байна. Хууль батлагдахад анх 500 мянгаас цалин эхэлж байсан. Тус хуулийн төсөлд аймгийн төвд тасралтгүй ажилласан улсын өмгөөлөгчид зургаан сар, суманд ажилласан тохиолдолд 12 сартай тэнцэх хэмжээний мөнгийг таван жилд олгож байхаар тусгасан. Цалинтай холбоотой асуудлыг саналын томьёоллоор орж ирж байгаа. Улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокурортой дүйцүүлнэ. Энэ нь 1.5-2 сая орчим байхаар тооцоолол гарсан. Засгийн газраас улсын өмгөөлөгчийн орон тоог жил бүр 25-р нэмэгдүүлэхээр тусгасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нөхөр чинь өөрөа Прокорорын Хүүхэд нь шдээ Ховдых билүү Увсых билүү