Омикрон хувилбар болон IV тунгийн талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-"Дельта хувилбартай харьцуулахад омикрон хувилбарын эсэд халдварлах чадвар эрс нэмэгдсэн. Эрдэмтдийн зүгээс омикрон хувилбар мутацид орсноор вакцины үр нөлөө тодорхой буурах болов уу гэж эмээж байсан. Хэдийгээр омикрон хувилбарын мутаци нь эс рүү нэвтрэх чадвар нэмэгдүүлсэн хэдий ч вакцины III, IV тунгаар идэвхжсэн эсийн дархлаа эрчимтэй нэмэгдэж байгаа нь вакцин үр нөлөө өндөр байгааг харуулсан. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эс рүү нэвтэрч чадаж байгаа ч гэсэн богино хугацаанд дархлааны эсүүд олширсон учраас халдварлагдсан эсийг устгаж байгаа.
Манай улс гадаад болон дотоодын судалгаанд үндэслэн III тунгаас хойш гурван сарын дараагаар мөн вакцин үйлдвэрлэгчийн удирдамж, зөвлөмжид үндэслэн IV тун хийлгэх боломжтой болсон. Гэр бүлийн нэг гишүүн өвдсөний дараа тухайн гэр бүлийн гишүүд 100 хувь өвдөх эрсдэл өндөр байна. Далд хугацаанд гэр бүлийн гишүүд тусах нь тодорхой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Омикрон хувилбарын үед хатгалгаа болохгүй байгаа. Гэртээ тусгаарлагдаж, гэрийн эмчилгээ хийнэ.Зөвхөн хүүхдүүд, насанд хүрэгчид жирэмсэн эхчүүд буюу эрсдэлд бүлгийн иргэдийг хэвтүүлэн эмчилнэ. Өмнө ямар нэг байдлаар огт өвдөөгүй хүмүүс омикрон халдвараар 100 хувь өвдөх эрсдэлтэй байгаа юм. Вакцины ямар ч тунтай хүн өвдөх эрсдэлтэй гэж бид үзэж байна.
Манай улсад нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ манай улсад давуу тал байгаа. Вакцин хамрагдалт өндөр, өвдсөн дархлаа тогтсон хүмүүс их байгаа. Гол нь иргэд III, IV тундаа эрчимтэй хамрагдах хэрэгтэй. Энэ нь халдварын тархалтыг бага эрсдэлээр даван туулах, цаашилбал цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлүүлэх боломж бүрдэнэ. Томуугийн давалгаа бас эхэлсэн учир иргэд хариуцлагатай хүлээцтэй эмч мэргэжилтнүүдийн зөвлөмж зөвлөгөөг дагах нь зүйтэй.
Манай улсад бүртгэгдэж дельта хувилбарын давлагааны үед өдөрт 4000 орчим байсан халдварын тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ удаа халдварлах чадвар нэмэгдсэн тул оргил үедээ 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хавсарсан өвчтэй хүмүүс омикрон давлагаанд өртөх эрсдэлтэй. Иргэд халдвар хамгаалалтаа сайн баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.