ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 09.00 цагаас хэлэлцэж эхэллээ.
НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш бүтэн жил дөрвөн сарын дараа, 12-13 удаа хойшлуулсны эцэст ийнхүү дээрх 26 хүний гэм буруутай, эсэхийг дэнслэхээр хуралдаж байна. Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ЭМЯ-наас эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, протез, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлж өгсөн материалыг шалтгаангүйгээр удаа дараа буцааж, Тусгай зөвшөөрөл олгох комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэлгүй нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар чирэгдүүлж, хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Мөн, өөрсдийн хамаарал бүхий Ш.Цэцэг гэх хүний нэр дээр “Повер Хэрб Монголия” гэдэг компани байгуулж албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл тус компанид олгосон байдаг.
Харин ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар нь албан тушаалаа урвуулж, Ц.Наранбаяр эзэнтэй “Эн Ар Би” ХХК “эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх”, “И Ти Эн” ХХК нь Сэргээн засах төвийн “эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” тусгай зөвшөөрөл олгохдоо давуу байдал бий болгон гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатараар дээрх хоёр аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийн төслийн материалыг урьдчилсан байдлаар уншуулж, засуулан бэлтгүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй. Гэм буруутай, эсэхийг нь дэнсэлж буй 26 хүний 16 нь ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авахаар хандаж, аргагүй байдалд орж хахууль өгсөн аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд юм.
Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр прокурорын яллах дүгнэлтийг уншиж танилцуулан, шүүгдэгч нарын мэдүүлгийг сонссоноор завсарласан бөгөөд өнөөдөр нотлох баримт шинжлэн судалж, гэрч, шинжээчдийн мэдүүлгийг сонсох зэргээр үргэлжлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайд асан Сарангэрэл уих гишүүн гэдгээрээ сугарч үлдэх нь дээ.Уг нь хамгийн том хэрэгтэн.