Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан болон Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Долгормаа нарт холбогдох хэргийг хууль сахиулагчид шалгаж дуусан яллах дүгнэлт үйлджээ.
Дээрх хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан бүлэглэж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, нэг хүнд тэтгэмж болгож 3.7 сая төгрөг олгосон хэмээн буруутгаж буй юм билээ.
Уг нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 4.1-т “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5.1-ийн “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол гурав хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэтэл дээрх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, Б.Долгормаа нар хууль зөрчин албан тушаалаа урвуулж Сүхбаатар дүүргийн харьяат иргэн С.Л-д ажилгүйдлийн тэтгэмж олгуулжээ. Ингэхдээ ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн есөн сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад нь хэлтсийнхээ орлого, шимтгэлийн байцаагчид нөлөөлөн, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгэж, цахим санд шивүүлэн 3.7 сая төгрөг олгосон үйлдэлд холбогдсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүмүүсийн сэтгэгдэлийг яагаад устгаад байгаан мөнгө авсан юм уу