ОХУ-ын Архангельск хотын дарга асан Александр Донской хотынхоо нэрийг "Путинград" болгон өөрчлөхийг санал болгожээ. Түүний бодлоор энэ нэр нь хотод хөрөнгө оруулалт, жуулчдыг татах бөгөөд албан тушаалтнуудыг илүү сайн ажиллахад хүргэх аж.
Тэрээр энэ саналаа танилцуулахдаа "Путинград гэх нэр нь хотын хөгжилд маш хүчтэй түлхэц болно гэдгийг би итгэлтэйгээр мэдэгдэж байна. Ийм нэртэй хотын албан тушаалтнуудын хэн нь ч муу ажиллаж, алдаа гаргаж чадахгүй" хэмээсэн байна.
Гэхдээ мэдээж тус хот нь Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямар ч холбоогүй болохыг тэрээр хүлээн зөвшөөрчээ. Донской энэ талаар "Асуудал нь бид Путинтэй ямар ч холбоогүйд байгаа юм. Ерөнхийлөгч энд төрөөгүй, сураагүй, амьдраагүй. Энэ нь хотын хувьд том сөрөг хүчин зүйл. Манай хот эвдэрсэн, хуучирсан орон сууцны тоогоороо тэргүүлдэг бөгөөд саяхан хотын захиргааг авто замын арчилгаа муутай хэмээн хоёр сая рублиэр торгосон. Миний бодлоор, хотыг В.Путины нэрэмжит болгосноор хөрөнгө оруулалт болон жуулчдыг татаж, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэх юм" гэж тайлбарлажээ.
Александр Донской үүний нэг жишээгээр Чеченийн нийслэл Грозный хотыг дурдсан байна. Тус улсын төв гудамжийг 2008 онд Владимир Путины өргөн чөлөө гэж нэрлэсэн бөгөөд үүний ачаар тус улс идэвхтэй хөгжиж, Грозный хотыг сэргээн засварлахад их хэмжээний төсвийн мөнгө зарцуулсан гэж хотын дарга асан үзэж байгаа аж.
Тэрээр мөн Архангельск хотын сүлдийг хуучирсан гэж мэдэгдээд, өөрчлөхийг санал болгосон юм. Донской "Архангельск бол сүлдэндээ чөтгөр дүрсэлсэн дэлхийн цорын ганц хот. Сүлдний загвар буруу найруулгатай учир хотын зочид утгыг нь ойлгодоггүй. Би сүлдийг илүү эерэг, эх орончоор дүрслэх ёстой гэж бодож байгаа тул шилдэг загварыг шалгаруулах уралдаан зарласан. Ялагч нь 10 мянган рублийн даруухан шагнал авах болно" гэж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Рамблер, Газета
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.