- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас E-Mongolia платформ болон шинээр батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өглөө. E-Mongolia системийг төрийн үйлчилгээнүүдэд нэвтрүүлснээр төсөвт 64.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж чаджээ.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар оролцлоо.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-E-Mongolia системийн хэрэглэгчдээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 мянга гаруй санал хүсэлт ирсэн. Эдгээр саналыг үндэслэн үйлчилгээнүүдээ системд нэмээд явж байгаа. 2021 оны аравдугаар сарын 1-нд И-Монголиа 2.0 хувилбарыг нээсэн.
Одоогийн байдлаар 57 байгууллагын 574 үйлчилгээ системд ороод байна. Нийт үйлчилгээний 138 нь лавлагаа тодорхойлолт бөгөөд иргэд 2-3 минутад авах боломжтой. Мөн 436 гаруй олон шатлалт үйлчилгээ буюу иргэн хүсэлт гаргаад, тодорхой хугацааны дараа хариу авч байгаа. “e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ.
Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна. E-Mongolia системийг нэвтрүүлснээр төр болон иргэнээс гарах байсан нийт 64.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн. Нийтийн мэдээллийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хуулиудыг өчигдөр УИХ-аар оруулж, эцсийн хэлэлцүүлгийг явуулж, батлагдахад бэлэн болсон гэж хэлж болно. Эдгээр хуулиудаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах асуудлыг хориглож байгаа. Ингэснээр иргэн төрийн байгууллага хооронд ямар нэгэн бичиг баримт барьж гүйх асуудал цаашид байхгүй. Төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ солилцож, иргэнд чирэгдэл учруулахгүй.
Таниас мэдээлэл нэхэж, бичиг авч ирэхийг шаардсан төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээх заалт орж байгаагаараа Нийтийн мэдээллийн хууль онцлогтой. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль нь ардчилсан нийгэмд иргэн өөрийнхөө мэдээллийг хянах эрхээ эдлэх гол хууль гэж үзэж байгаа.
Монгол Улсын иргэний дата руу хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тухайн иргэний датаг үзсэн тохиолдолд иргэнд E-Mongolia болон мессеж хэлбэрээр мэдэгдэл очно. Тэгэхээр иргэн дата мэдээллийг нь үзэх эрхгүй гэж үзсэн тохиолдолд E-Mongolia-д гомдол гаргах боломж бүрдэж байгаа. Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Ингэснээр зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн салбарууд тэр дундаа технологи ашиглаж, гэрээ хэлцэл хийдэг салбарууд хурдтай хөгжих боломжтой гэж харж байна" гэлээ.
E-Mongolia-гаас эрүүл мэндийн зарим үйлчилгээг авах боломж бүрдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд E-Mongolia-д эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон. 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүрэг, e-health программ ашигладаг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ энэ сарын 1-нээс нэвтэрсэн.
Тодруулбал, эмнэлгүүдэд үзлэгийн цагаа урьдчилж авах, шинжилгээний хариу харах, олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах, вакцины гэрчилгээ авах, эмнэлгийн магадалгаа авах, эрүүл мэндийн даатгалын лавлагаа авах, дархлаажсан QR кодын батламж авах, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас авах, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг авдаг болох бэлтгэл ажлыг хангаж байгаа ба ирэх долоо хоногоос бэлэн болно гэж мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.