Францын Монблан уулнаас их хэмжээний үнэт чулуу агуулсан төмөр хайрцаг олсон уулчинд тал хувийг нь өгөхөөр болжээ. Нийт 300 мянган еврогоор үнэлэгдэх маргад, бадмаараг, индранил зэрэг үнэт чулуутай энэхүү хайрцаг нь 1966 онд тус ууланд осолдсон "Эйр Индиа" компанийн онгоцны зорчигчийн эзэмшил байсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Нэрээ нууцалсан уулчин эрэгтэй 2013 онд эдгээр үнэт чулууг олсон бөгөөд хайрцгийг цагдаад хүлээлгэн өгсөн байна. Тухайн үед Шамони-Мон-Блан бүс нутгийн эрх баригчид түүний энэ үлдлийг ихэд сайшааж байсан билээ. Тэгвэл албаныхан үнэт чулуунуудын эзний гэр бүлийг одоог хүртэл олж илрүүлж чадаагүй тул тэдгээрийн хагасыг нь уг уулчинд олгож, үлдсэнийг нь бүс нутгийн захиргааны эзэмшил болгожээ.
Шамони-Мон-Бланы амбан захирагч Эрик Фурниерын хэлснээр, үнэт чулуунуудыг тус бүр нь 150 мянган еврогоор үнэлэгдэх хоёр тэнцүү хэсэгт хуваасан аж. Тэрээр мөн энэхүү олдворыг цагдаад хүлээлгэн өгсөн уулчныг Францын хуулийг дагаж мөрдөн, "шударга ёс"-ыг хадгалсанд нь баяр хүргэжээ.
Монблан ууланд 1950 болон 1966 онуудад Энэтхэгийн үндэсний агаарын тээврийн компанийн хоёр онгоц осолдож, нийт 165 хүн амь үрэгдсэн билээ. 1966 оны нислэг нь Мумбай хотоос Нью-Йорк хүрэх замдаа осолдсон юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.