Карибын тэнгис дэх арлын улс Барбадос нь Бүгд Найрамдах статусаа тунхаглалаа. Тусгаар тогтносон бие даасан улс боловч 1966 оноос хойш Их Британийн хамтын нийгэмлэгийн бүрэлдэхүүнд багтаж, төрийн тэргүүнээр хатан хаан Элизабет нэрлэгдэж байсан юм.
Ийнхүү Бүгд Найрамдах засаглалтай улс болсноор хатан хаан төрийг тэргүүлэхээ больж, анхны Ерөнхийлөгч Сандра Мэсон тангаргаа өргөсөн байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Их Британийн ханхүү Чарльз оролцжээ. Мөн хатан хаан Элизабет Барбадос улсын түүхэн тэмдэглэлт өдөрт баярын мэндчилгээ илгээж, 300,000 орчим иргэнд энх тайван, хөгжин цэцэглэхийг хүссэн байна.
Хатан хаан мэндчилгээндээ “Барбадосын Ерөнхийлөгчид төдийгүй бүх ард түмэнд баяр хүргэе. Би 1966 онд тус улсыг тусгаар тогтнох үед энэ гайхалтай оронд анх удаа очиж байсан. Харин өнөөдөр миний хүү та бүгдтэй хамт байгаад талархаж байна” гэжээ.
Хатан хаан хамгийн сүүлд 1992 онд Маврики улсыг Бүгд Найрамдах улс болоход төрийн тэргүүний халаагаа шилжүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.