Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааны талаар Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.
Шадар сайд С.Амарсайхан:
-ОХУ, Монгол улс засгийн газар хоорондын комиссын хурал жил бүр болдог. Тус хуралдаанаар жил бүр хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажил, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл, хөтөлбөрүүд худалдаа эдийн засгийн өргөтгөх, соёл боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх зорилготой. Эдийн засаг шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны комисс байдаг. Энэ комиссын хуралдаан өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр цахимаар болсон. Энэ удаагийн айлчлал нь Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах, өнгөрсөн хугацаанд хоёр орны засгийн газар хоорондын комиссын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, дүгнэх асуудал, ирээдүйн хамтын ажиллагааны зорилтыг тодорхойлох, зарим нэг эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд болж өнгөрсөн. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон. Тус уулзалтад хэд хэдэн асуудал яригдсан.
Нэгдүгээрт, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг хамтдаа хийнэ. Хамтарсан судалгаа хийгдээд дууссан ирэх жилээс өргөтгөлийн ажил эхэлнэ гэж төлөвлөсөн.
Хоёрдугаарт, төмөр замын салбарын хөгжүүлэх шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах ачаа эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хоёр тал тохиролцсон. 2025 он хүртэл тарифын үнийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ингэснээр төмөр зам хүчин чадлаа нэмнэ гэж үзсэн.
Гуравдугаарт, газрын тосны бүтээгдэхүүний салбар, тэр дундаа шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай асуудал, байгаль орчин экологийн салбарт, ХАА-н салбарт малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, хийн хоолойн асуудлаар ярилцсан.
Эгийн голын усан цахилгаан станц барих асуудалд хоёр тал харилцан адилгүй байр сууриа илэрхийлсээр ирсэн. Манай улсын хувьд дунд болон их оврын усан цахилгаан станцыг барьж байгуулах, байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хадгалах судалгаа хийхээс эхлээд технологийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг бодолцох, эрчим хүчний салбарт төслүүдийн оролцоог хангах, боломжийг хамтарч хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа. Хамтарч байгаль орчны нарийвчилсан судалгааг хийнэ гэсэн байр суурьт хүрсэн. Ямар нэгэн ноцтой үл ойлголцол үүсээгүй” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.