Нидерланд улсад онгоцоор ирсэн иргэдийг зочид буудалд тусгаарлаж байгаа ч уг тусгаарлалтаас хоёр хүн зугтсан байна. Тэгвэл зугтсан хосыг Амстердамын Шиполь нисэх буудлаас явахынх нь өмнө ням гарагийн орой баривчлан саатуулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Амстердамд ирсэн зорчигчдоос Ковид-ын шинжилгээ авахад 61 зорчигчоос халдвар илэрсэн. Тэдгээрийн 13 нь Өмнөд Африкт анхлан бүртгэгдсэн коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан болохыг тогтоогоод байгаа юм. Омикрон хувилбараар халдварласан зорчигчид бүгд Өмнөд Африк улсын нислэгээр иржээ.
Одоогоор тусгаарлах зочид буудлаас зугтсан хос Өмнөд Африкийн нислэгээр ирсэн эсэх нь албан ёсоор тодорхой болоогүй байна. Тэдний нэрийг олон нийтэд зарлаагүй байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар хос Кеннемерлэнд дэх зочид буудлаас зугтжээ. Уг зочид буудалд Өмнөд Африкаас ирсэн зорчигчдыг тусгаарлаж байгаа юм байна. Зугтсан хосыг Нидерланд улсын коронавирусээс сэргийлэх тусгаарлалтын дүрэм журмыг зөрчсөн хэргээр яллах дүгнэлт үйлдэж болзошгүй ажээ.
Омикрон хувилбар илэрсэн тул ням гарагийн өглөөнөөс Нидерланд улсад хэсэгчилсэн хөл хориог нэмэгдүүлэхээр болсон байна. Цэнгээний газар, зоогийн газар, дэлгүүрүүд заасан хугацаанаас эрт хаах шийдвэр гарчээ.
Энэ сарын эхэнд хөл хориог чангатгах шийдвэр гарсны дараа мянга мянган иргэн эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн юм. Тус улсад цар тахал эхэлснээс хойш 20,000 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.