БНСУ-д коронавирусийн халдварын тархалт хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Тус улсад хоногт 4,116 иргэн халдвар авчээ.
Хилээ нээж, Ковид-той хамт өдөр тутмын аж амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэнээс хойш хэдхэн долоо хоногийн дараа халдвар огцом өссөн байна. Ерөнхий сайд Ким Бү Кюм яаралтай арга хэмжээ авч болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Нийслэл Сөүл хотод л гэхэд онц байдал тогтоох хэмжээний ноцтой нөхцөл байдал үүсээд байгааг Ерөнхий сайд анхааруулсан байна. Мөн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд хандан хүндээр өвчилсөн иргэдийг эмнэлэгт, хөнгөн болоод шинж тэмдэггүй өвчилсөн иргэдийг гэрт нь эмчлэх арга хэрэглэхийг уриалжээ.
Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан иргэдийн 20 хүрэхгүй хувь нь гэрээр эмчилгээ авсан байна. Хэрэв улс даяар эмнэлгийн орнуудын 75-аас дээш хувь нь дүүрвэл яаралтай төлөвлөгөөнд шилжинэ гэж Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах агентлаг мэдээлжээ.
Тус улсын 52 сая хүн амын 79,1 хувь нь вакцины хоёр тунд, 4,1 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна. Цар тахал тархаж эхэлснээс хойш тус улсад нийт 425,000 гаруй хүн халдвар авч, 3,363 иргэн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.