Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай өнөөдөр "Богд Зонхова" төслийн санхүүжилтийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар хандлаа.
С.Баярмагнай: “Богд Зонхова”-ын хөшөөг барьж буй Тасганы овооны 1.1 газрыг анх 2020 оны 12 дугаар сарын 30-нд хотын дарга Д.Сумъяабазар хүүхдийн цогцолбор барина уу хэмээн зөвшөөрөл олгосон байдаг. Гэтэл яаж яваад хөшөө барихаар болсон нь сонин байна. Иймд иргэн хүнийхээ хувьд иргэдийн төлөөлөгчдийн хувьд уг асуудлыг шалгаж өгнө үү хэмээн АТГ-т хандаж байна.
Уг төслийг ямар тооцоо судалгаа хийж, шалгаруулалт явуулсан нь эргэлзээтэй байгаа учраас шалгах. Барилгын ажил эхлэх зөвшөөрөл хэн өгсөн. Зураг төсөл нь батлагдсан эсэх.
Ямар сонгон шалгаруулалтаар одоогийн гүйцэтгэгч 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа зэрэг асуудлыг тогтоох. Татвар төлөгч бид нарын мөнгөөр шууд дураараа ямар ч сонгон шалгаруулалт, тендергүй ажил эхлүүлж байгаад бухимдалтай байна.
Түүнчлэн уг хөшөөг бариулахаар санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адышаа нар хэрхэн төсөвт 32 тэрбум суулгасан талаар судалж, шалгаж өгөхийг хүсэж байна. УИХ-ын гишүүд 32 тэрбум төгрөгийн цогцолбор барих төслийг мэдэхгүй байгаад гайхаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.