УИХ-ын гишүүн Т.Доржханд 2022 оны төсвөөр ҮХЦ-д хандлаа. Төсвийн мөнгөөр элдэв хөшөө, дурсгал барьж байгаа болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-УИХ 18 их наяд төгрөгийн зардалтай төсөв баталсан. Эдийн засагчид төсвөө танах ёстой гэсэн байр суурьтай байхад элдэв хөшөө барихад 32.4 тэрбум зарцуулж байгааг гайхаж байна. Иргэд өөрсдөө энэхүү төсвийн мөнгөний асуудлыг хөндөж байгаа нь зөв зүйтэй. 76 гишүүн дахин сонгогдохын тулд өөрсдийн тойрогтоо төсөв суулгадаг. Зүгээр л байшин, хөшөө дурсгал санхүүжүүлдэг, Монгол улсад ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулж байна. Төсөв томроод алдагдал хүлээж, ирээдүйн үр хүүхдэдээ өв үлдээхгүй өр үлдээгээд байна.
Ийм байдлаар цааш явбал хөгжлийг санхүүжүүлэхгүй, тойргийг л санхүүжүүлээд байна гэсэн үг. Төсөв УИХ-ын гишүүдийн дахин сонгогдох баталгаа болж байна. Монгол хүний амьдралын чанарт огт нөлөөлөхгүй байна. Үүний тулд бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө захиалгаар ҮХЦ-д нөлөөлж шийдвэр гаргуулсан. Пропорционал буюу холимог тогтолцоо байхгүй, мажоритар тойргийн тогтолцоотой байна гэсэн шийдвэр ҮХЦ-д УИХ гаргуулсан. Энэ түгжээг гаргаж байж дахиж хөшөө дурсгалд мөнгө зарцуулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. Энэ асуудлыг маань иргэд, эдийн засагчид дэмжиж байгаа.
Цаашдаа, Монгол улс нэг том тойрог байх ётой гэж үзэж байна. Ирэх онд хийгдэх 1300 гаруй хөрөнгө оруулалтын нэг нь Богд зонховын хөшөө. Энэ ганцхан жишээ. Үүний цаана ийм шаардлагагүй олон хөшөө дурсгалд мөнгө төсөвлөсөн байгаа. Хоёрдугаарт, Засгийн газарт УИХ хариуцлага тоодог байх ёстой. Парламентыг чадавхижуулах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр зүйл орсон. Засгийн газрын тэргүүн өөрөө кабентаа бүрдүүлнэ. 2 дахь заалт нь УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байна гэж заасан. Энэ хоёр нь заалт зөрчилдөөд, үр дүнд Үндсэн хуулийн эрх зүйн чадамжийг сулруулаад байна. Үндсэн хуулийн зөрчилтэй заалтыг өөрчилж дүгнэлт гаргах эрх нь ҮХЦ, УИХ-д байдаг. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал нь зөвхөн нэг намын асуудал гэж харахгүй байна.
Нэн тэргүүнд улс орны эрх ашиг, дараа нь аль нэг намын эрх ашиг байх ёстой. Сонгуулийн тогтолцоо нь зөвхөн нэг намын асуудал биш юм. Холимог системийг оруулж ирснээр өнөөдөр нэг ч санал гээгдэхгүй. Иргэд илүү сонирхолтой парламентыг хүсч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.