Афганистаны төрийн эрхийг гартаа аваад байгаа Талибаны Засгийн газраас тогтоосон шинэ дүрмийн дагуу эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хоригложээ.
Мөн эмэгтэй сэтгүүлч болон хөтлөгчдийг телевизээр гарахдаа толгойн алчуур зүүхийг тушаасан хэдий ч ямар төрлийн алчуур хэрэглэхийг тодорхой заагаагүй аж. Талибанчууд тус улсын телевизийн сувгуудад энэ мэт нийт найман шинэ дүрэмтэй удирдамжийг тараажээ. Үүний хүрээнд, Исламын хууль болон Афганистаны үнэт зүйлсэд харшилсан кино бүтээлийг хориглосон бөгөөд гадаадын соёлыг сурталчилсан гадаадын кинонуудыг гаргахгүй байхыг тушаасан байна.
Талибаны зэвсэгт бүлэг өнгөрөгч 8 дугаар сарын дундуур Афганистаны төрийн эрхийг булаан авснаасаа хойш аажмаар хатуу хязгаарлалтуудыг тогтоож эхлээд байгаа билээ. Үүний нэг жишээ нь, Афганистаны охид, эмэгтэйчүүдийг сургуульд явалгүй, гэртээ байхыг шаардсан явдал юм.
Тус бүлгийн 1990-ээд оны өмнөх засаглалын үед эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшиж, ажил эрхлэхийг хориглодог байсан аж. Гэхдээ талибанчууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг эдгээр хязгаарлалтыг "түр зуурынх" бөгөөд тэдний ажлын байр, суралцах орчныг "аюулгүй" болгох зорилготой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.