АНУ коронавирусийн хөл хорионы үед ард иргэд, аж ахуй нэгжүүдийг дэмжихийн тулд олон тэрбум ам.долларыг бэлнээр болон зээл тусламжаар олгосон. Энэ үед хуурамч баримт бичиг бүрдүүлэн Засгийн газраас 20 сая ам.доллар луйвардсан хос гурван хүүхдэдээ зурвас бичиж үлдээн ор мөргүй зугтаажээ.
Калифорни мужийн оршин суугч Ричард Айвазян түүний эхнэр Мариетта Терабелиан нар коронавирусийн төсвөөс олон сая доллар луйвардсан нь энэ жилийн зургадугаар сард илэрсэн байна. Тэдний хэргийг хуулийн шатны байгууллагууд шалгах хугацаандаа байршил тогтоогч цахилгаан бугуйвч зүүлгэсэн байжээ.
Гэвч тэд наймдугаар сард 13, 15 болон 16 настай хүүхдүүддээ захидал үлдээж, гаран дахь цахилгаан бугуйвчаа эвдэж гэрээсээ зугтаасан байна. Уг захидалд “Энэ бол салалт биш, түр хугацаанд тусдаа байгаа хэрэг. Бид дахин хамтдаа байх өдөр ирнэ” гэж бичсэн байжээ. Тэдний хэрэг анх илэрснээс хойш тав, гэрээсээ зугтааснаас хойш гурван сар өнгөрч байгаа ч одоо хүртэл сураг ажиг гараагүй.
Цагдаа нар тэдний хаана байгааг мэдээлсэн хүнд 20,000 ам.долларын шагнал амлажээ. Хэдийгээр луйврын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ор сураггүй байгаа ч шүүх хурал нь үргэлжилсээр байна. 43 настай Айвазянд 17, түүниий эхнэр 37 настай Терабелианд зургаан жилийн хорих ял оноожээ. Мөн хамсаатнуудад нь зургаа хүртэл жилийн ял төлөвлөсөн байна. Айвазяны дүү 41 настай Артур Айвазяныг банкны хуурамч материал бүрдүүлсэн, мөнгө угаасан хэрэгт гэм буруутай гэж үзэн, таван жилийн ял оноожээ.
Шүүхийн тэмдэглэлээс харахад гэмт этгээдүүд нас барсан болон хэдэн жилийн өмнө солилцоогоор АНУ-д ирээд буцсан гадны иргэдийн бичиг баримт, нэрийг ашиглан хулгайн ба хуурамч материал бүрдүүлж, цар тахлын үеийн холбооны зээлийн сангаас 150 хуурамч иргэн, бизнесийн байгууллагын нэр дээр зээл гаргуулсан байна. Татварын мэдээлэл, байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, зээлдэгчдэд шаардагдах баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Луйвраар олсон мөнгөөрөө Айвазяны гэр бүл Өмнөд Калифорни мужийн Тарзана, Глендэль, Палм Десерт гэсэн гурван хотод тансаг харшууд худалдаж авчээ. Тэдгээр харшуудаас 450,000 ам.доллар бэлнээр, банкны дансны тэмдэглэл, алтан зоос, алмаз эрдэнэ, бугуйн цаг, Харли-Дэвидсон мотоцикл, тансаг тавилгуудыг олсон байна.
Уг хэргийг үйлдсэн хосын өсвөр насны гурван хүүхэд эмээгийнхээ асаргаанд байгаа бөгөөд тэднийг Армени улс дахь төрөл садангуудад нь хүлээлгэж өгөх хүсэлтийг тавьсан байна. Учир нь эцэг эхийнх нь үйлдсэн хэрэгтэй холбогдуулан хэвлэл мэдээллийнхэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж өмгөөлөгч нь тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.