Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, Э.Батшугар, М.Оюунчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. “Хаан” банкны хувьцаа эзэмшилттэй холбоотой асуудлаар Монголбанк тэргүүтэй холбогдох байгууллагууд хууль тогтоомжийг чанд баримтлан, ажиллаж, Улсын Их Хурлын гишүүдэд мэдээ, мэдээллийг хүргүүлэхийг үүрэг болголоо. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн томоохон банкуудын үйл ажиллагааны талаарх тодорхойгүй мэдээлэл гарч буйд хяналт тавьж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцааг эзэмших нь хуулиар хориглосон үйлдэл, хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнд Төв банк хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Банкууд холбогдох мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд эл үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу банкны хувьцаа эзэмшлийг хүчингүй болгож, ногдол ашиг хуваарилахгүй байх, саналын эрхгүй байх зохицуулалтуудтайг мөн санууллаа. Банкны тухай болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллаагүй бол, хууль зөрчиж, ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцоох болно хэмээн Улсын Их Хурлын дарга санууллаа.
Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэн тул төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжээгүй тул хуралдаан нээлттэй үргэлжиллээ.
Манай улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байсан 1990-ээд оны эхэн үед Япон Улсын Засгийн газар тусламжийн гараа сунгаж 1-2.6 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, төмөр замыг сэргээн сайжруулах МОН-П1, МОН-П2 төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр зээл олгосон. Уг төсөл нь Улаанбаатар төмөр замын техник, технологийн дэвшилд төдийгүй, Монгол Улсын хөгжилд тухайн үедээ бодитой хувь нэмэр оруулсан.
Монгол Улсын Засгийн газар тус зээлийг авсны дараагаар 2000 онд Монгол Улсын Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулахдаа зээлийн хүү 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгосон байдаг. Гэхдээ энэ нь төрөөс төмөр замыг дэмжин харж үзсэн оновчтой шийдвэр байсныг дурдах нь зүйтэй. МОН-П1, МОН-П2 төсөл нь 7.9 тэрбум иен буюу тухайн үеийн албан ханшаар 78.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц дүнтэй зээл байжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2000-2014 онуудад 48 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан ба 2014 оноос хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл түүний хүүгийн төлбөр төлөгдөх боломжгүй болсон байна.
Улсын Их Хурлын 2019 оны 52 дугаар тогтоолоор тухайн үеийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, алдангийн нийлбэр дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлөгдсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон хэдий ч одоогоор 131 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Монгол-Оросын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны олон улсын хэлэлцээрээр дизель түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан хэдий ч авсан зээлийн дүнгээс тооцон төлбөрийг барагдуулсан.
Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар тооцож төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, зээлийн үлдэгдэлээс нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7 тэрбум төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг мөн 83.7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, үлдэгдэл 47.3 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгээс Улсын төсөвт 2021-2025 онуудад төвлөрүүлэхээр тус тус тусгасан болно.
ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын Засгийн газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсаны эцэст хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “МОН-П1”, “МОН-П2” төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцсон гэлээ.
Эдийн засгийн байнгын хороо “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулж асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний олонх буюу 58.8 хувь нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуралдаанаар үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.
Байнгын хорооноос хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан болохыг тэрбээр танилцуулсан. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар төслийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх заалтын “Хорооноос” гэсний дараа “мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор” гэж нэмэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах үйлдэл ихээр гарч байгааг харгалзан гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд тусгах, хуулийн төсөлд туссан өөрчлөлттэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд тусгасан зөрчлийн шинжийг өөрчлөлтөд нийцүүлж, зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тодорхой заах зэрэг бусад хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай хууль, тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг боловсруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав. Э.Батшугар гишүүн, төсөл дээр блокчейн технологи дээр олборлолт хийх үйлчилгээг тусгах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн юм. Мөн виртуаль хөрөнгийг дамжуулах, аливаа нэг валют руу хөрвүүлэх дэд бүтцийг анхаарах, боломжуудыг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагад нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Төслийн 6.2-т виртуаль хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглосон нь оновчгүй зохицуулалт гэдэг саналыг хэлэв.
Ийнхүү гишүүд Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй 34 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.