Энэ удаагийн “Халуун сэдэв” булангаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохтой ковидын нас баралт буурах эсэх асуудлаар ярилцлаа.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох:
-Өнөөдрийн байдлаар маш хүнд өвчтөнүүдийн тоо тодорхой хэмжээнд буурч байгаа. 30 хоногийн өмнө нь маш хүнд хүмүүсийн тоо 349 орчим байсан бол одоо 213 руу буугаад ирж байна. Нас баралтын хувьд өнөөдрийн тохиолдлын тоотой шууд хамаардаггүй. Учир нь гэвэл халдвар авсны дараа өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрдэггүй. Дор хаяж арваас дээш хоног хэвтэн эмчлүүлж байгаад иргэдийн биеийн байдал хүндэрч байна.
Өнөөдрийн байдлаар 1800 гаруй иргэн нас барснаас 90 гаруй хувь нь архаг хууч өвчтэй хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүс ямар нэгэн хэлбэрийн архаг хууч өвчтэй байна.
Хамгийн түгээмэл байгаа нь зүрх судас, цусны даралт ихсэх өвчин, бодисын солилцооны эмгэгүүд байна. Өнөөдрийг хүртэл нас барсан тохиолдлуудыг аваад үзэхэд 60-аас дээш настай хүмүүс ихэнх хувийг эзэлж байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийг аваад үзэхэд 60-аас дээш настай хүмүүс 82 хувийг эзэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, насны хамаарал нас барах нэг шалтгаан болж байна.
Гурав дахь хүчин зүйл вакцин. Вакцин бол хоёр үүрэгтэй. Таныг халдвараас хамгаална. Таныг хүндрэл, нас баралтаас хамгаална. Вакцинтай хүмүүс тодорхой хэмжээнд нас барж байна. Өнгөрсөн долоо хоногт нас барсан хүмүүсийн дунд судалгаа хийгээд үзэхэд 30 гаруй хувь нь огт вакцин тариулаагүй хүмүүс байсан. Гурван хүн тутмын нэг нь вакцинд хамрагдаагүй байна. Таны эргэн тойронд вакцинд хамрагдаагүй хүмүүс байвал вакцинд хамруулахыг ятгах хэрэгтэй.
Монгол улс 27 мянган эмнэлгийн ортой. Оргил үедээ 22 мянга 400 хүртэл орыг дэлгэж ажилласан. Оргил үедээ өдөрт 600-700 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 100 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдөр орны тоо цөөрч байгаа ч тэнд ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилтнууд үргэлжлүүлэн үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа.
Жишээлбэл, шинэ мутаци вирус орж ирэх, шинэ жилийн арга хэмжээний нөлөөлөл их биш бол халдварын тохиолдлын тоо буурахаар харагдаж байна.
Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдээс халдвар хэзээ буурах эсэхийг асуух нь илүүц. Бид нараас хамаарахгүй гол хүчин зүйл нь иргэдийн идэвхжил хэр их байхаас хамаарна. Иргэдийн хөдөлгөөний идэвхжил өндөр байх тусам халдварын тоо буурахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.