МАН бүлгийн хурлаараа хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Хэдий эдийн засаг хэцүү байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Төсөвтэй холбоотой асуудалд Ерөнхий сайд гурван чиглэлээр мэдээлэл хийсэн.
Хоёрдугаарт, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд нэлээн шүүмжилж талцсан. Тиймээс энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх нь зүйтэй гэж УИХ-ын чуулганаас завсарлага авч, бүлгийн хурлаар хэлэлцсэн.
Энэхүү хууль нь хоёр чиглэлээс бүрдсэн. Нэг нь, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал.
Хоёрдахь нь, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх холбоотой асуудал. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж шийдвэрлэсэн.
Тэгэхээр чуулганаар энэ хуулийг хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Учир нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил орчим болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байна. Тиймээс хувийн хэвшлийн зүгээр явж байгаа ажлыг төрд авах нь зохимжгүй юм гэж МАН-ын бүлэг үзсэн" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.