"Фейсбүүк" компани нүүр царай таних системийн үйл ажиллагаагаа хааж, нэг тэрбум гаруй хүний мэдээллийг устгана гэж мэдэгджээ.
Нүүр царай таних технологийг Засгийн газар, цагдаа болон бусад хүмүүс буруугаар ашиглах магадлалтай гэж санаа зовнисон олон нийт эсэргүүцлээ илэрхийлсээр удаж байгаа билээ. Эдгээр шүүмжлэлийн улмаас АНУ-ын зохицуулагч байгууллагууд уг системийн талаар тодорхой дүрэм журмыг тогтооход хүндрэлтэй байгаа юм.
"Мета"-гийн Хиймэл оюун ухааны Дэд ерөнхийлөгч Жером Песенти энэ талаар "Энэхүү шийдвэр нь технологийн түүхэн дэх нүүр царай таних системийн хэрэглээнд гарсан хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болно. Үүний үр дүнд тэрбум гаруй хүний нүүр царайны загварууд устах болно" гэж тэмдэглэжээ. Одоо тус компани нь хүмүүсийг таних шинэ хэлбэрийн шийдлийг хайж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
"Фейсбүүк"-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн гуравны нэгээс илүү хувь нь нүүр царайгаа таниулах системийг ашиглаж байгаа аж. Энэ нь ойролцоогоор 640 сая хүн юм. Гэвч тус олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн байршуулсан зургуудаас найзуудыг нь нүүр царайгаар нь таньдаг программ хангамжийн хэрэглээгээ 2019 онд зогсоосон билээ.
Европын зохицуулагч болон хууль тогтоогчид ч мөн хууль сахиулах байгууллагуудыг олон нийтийн газар иргэдийн нүүр царайг таних технологи ашиглахыг хоригложээ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.