УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх жилийн төсвийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Төсвийн шинэчлэлийн эхлэл сайн явж байна. Эрүүл мэндийн салбарын зардлын хөрөнгө оруулалт маш бага байгаа бол соёлын салбарын мөнгөн дүн их байгааг гайхаж байна. Эрүүл мэндийн салбарын зардлыг ярихаар гадаадын зээл тусламж ярьж байна. Монгол хүний эрүүл мэндийн нэгт тавих хэрэгтэй. Би нэг өдөр ХӨСҮТ-д ажилласан. Арай дэндүү байна лээ. Бид онцгой анхаарч ажиллах нь чухал байна. 2022 оны төсөвт хоёр тэрбум төгрөгийг засварт тавихгүй бол бохир, цэврийн байгууламж нь эвдэрсэн. Төвийн шугам руу халдварт өвчин тэр чигтээ орж байна. Төсөвлөгдсөн мөнгөний ихэнх нь тоног төхөөрөмжид зарцуулагдаж засварт мөнгө хүрэлцэхгүй байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-ХӨСҮТ 1986 онд ашиглалтанд орсон. Нийт 28 барилга байгууламжтай. Үе үеийн дарга сайд нарын үед төсвийн хүрээнд засвар хийгддэг байсан ч иж бүрэн засвар шинэчлэл хийгдэж байгаагүй. 2020 онд сайдын багцаас 583 сая төгрөг, 2021 онд засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 3.2 тэрбум төгрөг, сайдын багцаас 837 сая төгрөгийн засварыг хийж гүйцэтгэсэн. Цар тахлын нөлөөгөөр дотор заслаа хийж чадахгүй байна. Харин дээвэр гадаах засвар шинэчлэлийг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа. 2022 оны Эрүүл мэндийн салбарын их засварт улсын хэмжээнд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дээр зохицуулалт хийгээд явна гэж бодож байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулиар нийгмийн суурь үйлчилгээний их засварууд орон нутаг руу зардал нь шилжиж байгаа. Өмнө нь улсын төсөв хариуцдаг байсан бол одоо нийслэл, нутаг руу шилждэг болсон. Нэг тэрбум төгрөг тийм бага мөнгө биш гэв.
Сэтгүүлч Б.Ганчимэг ХӨСҮТ-ийн дотоод дахь үнэн нүүр царайг илчилсэн зургуудыг цахим орчинд цацсан. Үүнээс үүдэн эрүүл мэндийн салбарын, тэр дундаа улаан бүс болоод байгаа ХӨСҮТ-ийн засварын асуудал хөндөгдөх болсон. Гэтэл УИХ-аас 2022 оны төсөв хэлэлцэх үеэр эрүүл мэндийн салбарын засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн нь тодорхой боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.