УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулжээ. Тэрбээр "Төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх дараах 5 зөвлөмжийг өгч байна" гэлээ.
Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулж байна.
Аудитын дүгнэлт 6.3:
Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал: ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.
Аудитын дүгнэлт 6.6:
Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.
Аудитын дүгнэлт 6.7:
Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, дүгнэлт гаргах, батлах үйл ажиллагаанд оролцож буй бүх шатны байгууллагууд төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах, төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байна.
Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийт хяналт тавих боломж олгох асуудал тодорхойгүй байна.
Төсвийн төсөл боловсруулах үйл ажиллагааг хууль, эрх зүйн хувьд сайжруулж, ил тод нээлттэй болгон олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэн улсын төсвийг хөгжлийн бодлогод нийцүүлэн үр ашигтай төлөвлөж, улмаар төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана гэж үзэж байна. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах хууль эрх зүйн орчинг бий болгон сайжруулах шаардлагатай.
Аудитын дүгнэлт 6.10:
Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг хуулийн шаардлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж зохицуулалт хийх шаардлагатай.
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16,415.1 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18,158.8 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2,387.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь, эдийн засгийн өсөлтийг 5.0 хувьд хүрэхээр төсөөлж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.