Өмнөд Солонгос улс өнөөдөр дотоодод үйлдвэрлэсэн анхны сансрын пуужингаа хөөргөхөөр зэхэж байна. Энэ нь тус улсын сансрын хөтөлбөрөө өргөжүүлэх, дэлхийн сансрын элит клубт элсэх хамгийн сүүлийн үеийн оролдлого юм.
"KSLV-II" буюу "Нури" гэх нэртэй тус сансрын хөлөг нь өмнөд эргийн Гухын тосгоны Наро сансрын төвөөс 16:00 цагийн орчимд хөөрнө гэж тус улсын Агаар сансрын судалгааны хүрээлэн мэдээлжээ.
200 тонн жинтэй "Нури" нь 1.5 тонн хиймэл дагуулыг тойрог замд оруулах зорилготой бөгөөд хэрэв үүнийг амжилттай гүйцэтгэвэл БНСУ-ын өөрсдөө бүтээж, угсарсан анхны сансрын хөлөг болох юм. Тус пуужингийн амжилт, бүтэлгүйтлийг хөөрснөөс нь хойш 30 минутын дараа тодорхойлох боломжтой гэж албаны хүмүүс хэлжээ. Мэргэжилтнүүдийн онцолсноор, шинээр зохион бүтээсэн пуужингуудын анхны нислэгийн амжилтын түвшин нь 30 хувьтай байдаг аж.
БНСУ өмнө нь 2009 болон 2010 онд сансрын пуужин хөөргөсөн хэдий ч бүтэлгүйтэж байжээ. Харин 2013 онд "Наро" хэмээх анхны сансрын хөлгөө амжилттай хөөргөсөн хэдий ч тус пуужингийн анхан шатны үйлдвэрлэлийг ОХУ-д гүйцэтгэсэн байна.
Өмнөд Солонгос гурван үе шаттай "Нури"-г бүтээхийн тулд 2010 оноос хойш хоёр их наяд вон орчмын хөрөнгө оруулалт хийжээ. Пуужинг амжилттай хөөргөсөн тохиолдол БНСУ нэг тонноос илүү жинтэй хиймэл дагуул тээвэрлэх чадвартай сансрын хөөргөгч пуужин бүтээсэн дэлхийн долоо дахь улс болох юм.
"Нури" сансрын хөлгийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд тус пуужинг 2027 он хүртэл дөрвөн удаа хөөргөхөөр төлөвлөж байгаа гэж тус улсын Агаар сансрын судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.