Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны аравдугаар сарын 14-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан. Уг асуудлыг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын чуулганд оролцсон нийт гишүүдийн 55.4 хувь нь үзлээ.
Ингэснээр яам нэмж байгуулах асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүлэв.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтыг дэвшүүлсэн.
Одоогоор Засгийн газрын бүтцэд Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон 14 яам багтаж байгаа.
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Батлан хамгаалах яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гадаад харилцааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Сангийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрүүл мэндийн яам
- Эрчим хүчний яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.