Дэлхийн эдийн засгийн цөмийг бүрдүүлдэг Бүлэг 20 орны удирдагчид Афганистан улсад тулгараад буй эдийн засгийн мөхөлд анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлэхээр боллоо. Бүлэг 20 орны сайд дарга нарын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ удирдагчдад хандан Афганистаны эдийн засгийг аврах олон тэрбум ам.долларын тусламжинд гар сунган туслахыг уриалсан юм.
Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тусламжийг олон улсын бие даасан байгууллагуудаар дамжуулан хүргэх хэрэгтэй, эрх барьж буй Талибаны бүлэглэлд шууд илгээж болохгүй гэдэгт ихээхэн сэтгэл зовниж буйгаа хэлсэн байна. Афганистаны иргэдэд хүнс, эм бэлдмэлийн тусламж юун түрүүнд нэн шаардлагатай байгаа юм.
Европын комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Лейен Афганистанд тэрбум еврогийн туламж үзүүлэхээ амласан ба хөрш орнуудад нь дүрвэгсдийг хүлээж авахыг уриалахаа мэдэгджээ. Харин Германы канцлер Ангела Меркель 600 сая еврогийн туслэмж үзүүлнэ гэлээ. Канцлерын суудлаа хүлээлгэж өгөхөөр зэхэж буй хатагтай Меркель Афганистан улсын санхүүгийн тогтолцоо, валютын систем бүхэлдээ нуран унавал бид юу ч хийж чадахгүй бөгөөд хүмүүнлэгийн тусламжийг ч удаан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг анхааруулжээ.
Хятадын дарга Си Зиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар төлөөлөгчдөө уулзалтад оролцуулсан юм. Италийн Ерөнхий сайд Марио Драги Бүлэг 20 орны удирдагчид Талибаны бүлгийг Засгийн газар гэж хүлээн зөвшөөрөөгүй ч Афганистаны ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байгааг дүгнэн хэлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.