Манай улсын хилийг зөрчиж орж ирэхийг завдсан гадаадын иргэнд шүүх ял шийтгэжээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ оны есдүгээр сарын 21-нд өмнөд хөршийн талаас нэгэн хүн хилийн зурвас дээгүүр явж, торыг давж орж ирсэн мөр байхыг хилчид илрүүлсэн бөгөөд саахь эр нутгийн гүн рүү 7.6 км газар нэвтэрсэн, газар орны байдалд тохируулан өнгөлөн далдлалтын тусгай хувцас өмсөж нуугдсан хутга, дуран агссан байсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Мөн тэрбээр багагүй хэмжээний юань авч явсан юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхад аймгийн Баарин хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн, эрхэлсэн ажилгүй Цай Пинг (Taiping) гэх эр уг хэргийг өдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “Монгол найз эмэгтэйтэйгээ уулзахаар хил нэвтэрсэн” хэмээн мэдүүлсэн аж.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь тагнуулын албаныхан түүнийг Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгасан байна.
Улмаар дээрх сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрсэн” гэм буруутай гэж дүгнэн, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хоёр жилийн хугацаанд хаашаа ч явахгүй байх буюу зорчих эрхийг нь хасах ял шийтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.