Тариалан эрхлэгч Л.Цандэлэг өчигдрийн “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа “Тариаланчдаас нэг тонн улаанбуудайг 650 мянган төгрөгөөр авна гэж тариф тогтоосон. Энэ тарифыг “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн анх тогтоосон. П.Цэнгүүн хамгийн бага үнэ хэлснээс болж, “П.Цэнгүүн ийм үнэтэй авч байгаа учраас бид ч гэсэн тэр үнээр авна” гэдэг байдлаар гурилын үйлдвэрүүд хандаж байна. Тариаланчид хийж бүтээснээсээ доогуур үнээр яаж борлуулалт хийх юм бэ.
Ер нь Монголын газар тариалангийн улаанбуудайг дөрвөн гэр бүл 30-аад жил атгаж байна. “Алтан тариа”-н П.Цэнгүүн, “Улаанбаатар гурил”, ХААН банкны Ц.Баатарсайхан, түүний төрсөн дүү, “Ургац” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Отгонбаатар, “Милл хаус”-ын Женко Х.Баттулга гэсэн дөрвөн гэр бүл Монголын тариаланчдын амь амьдралыг шийддэг болсон” хэмээн ярьсан байдаг.
Улаанбуудайг тонн тутмыг нь 650 мянгад худалдаж авна гэдгийг тариалан эрхлэгчид эсэргүүцэж, ОХУ-аас худалдан авсан улаанбуудайтай адил үнээр буюу 800-900 мянган төгрөгөөр авах ёстой гэж үзэж байна. Ингэж гэмээн тариаланчид хийсэн бүтээсэнтэйгээ тэнцэх үр ашгийг хүртэнэ хэмээн тэд ярьж байна.
Харин түүний ярилцлагатай холбоотойгоор “Алтан тариа” ХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүн “Зах зээлд төр хэт хутгалдан оролцсоноос ийм үнэ гарсан. Гурилын нийлүүлэлт их байна, буудайн нийлүүлэлт бас их байна” хэмээн байр сууриа товчоор илэрхийллээ.
Нөгөөтэйгүүр, гурилын үйлдвэрлэл эрхлэгчид “Энэ жил ургац сайн, нийлүүлэлт ихтэй жил байна. Мөн гурилын үйлдвэрүүд өнгөрсөн оны буудайн үлдэгдэлтэй байна. Л.Цандэлэг нарын тариалан эрхлэгчид мэдээж хураасан буудайгаа үнэ хүргэж зарахыг бодож байгаа. Ер нь бол зах зээлийн нийлүүлэлт, эрэлтийн зарчмаар 650 мянга гэсэн үнэ тогтсон” хэмээн ярилаа.
Зах зээлд төр хэт хутгалдан оролцсон гэдэг нь өнгөрсөн жил ОХУ-аас 200 мянган тонн буудай оруулж ирснийг цаагуураа хэлж байгаа аж. Жил бүр эрх баригчид “Гурилын дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах улаанбуудай хураан авлаа” хэмээн нэг талаар бахархалтайгаар, нөгөө талаар ард түмнээ “хошгоруулсан” байдлаар хэлдэг болсон. Гэвч жил бүр тодорхой тооны улаанбуудайг ОХУ-аас авсаар байгаагийн цаана стратегийн бүтээгдэхүүн гэх нэрийн дор хэсэг бүлэг төрийн этгээдийн ашиг хонжоо нуугдаж байдаг гэж үзэх юм билээ. Зах зээлийн хуулиараа бол тэрхүү 200 мянган тонн буудайг авах хэрэггүй байсан гэдэг санааг тэд хэлэхээ мартсангүй.
Үүнээс үүдэн энэ жилийн дотоодоос хураан авч байгаа 600 мянган тонн улаанбуудай /ХХААХҮЯ-ны мэдээллээр 560 мянган тонн/-н дээр ОХУ-ын 200 мянган тонн нэмэгдсэнээр эрэлт хэвийн байхад нийлүүлэлт нэмэгдэж, нэг ёсондоо тариа буудай маань агуулах савандаа багтахаа больжээ. Монголчуудын жилийн хэрэгцээ 450 мянган тонн улаанбуудай гэж үзвэл авсан, нийлүүлсэнтэйгээ нийлээд нэг хүн хоёр дахин гурил идээд ч барахгүй их хоолыг “хөргөгчиндөө” хадгалсан болж таарлаа. Энэ бол яалт ч үгүй ХХААХҮЯ-ны бодлого тодорхойлогчдын харалган, “зах зээлд төр хэт хутгалдан орсны” нэгэн жишээ болж байна.
Энэ жилийн хувьд бодлого тодорхойлогчид “улаанбуудай экспортолно” гэх ахицтай зүйл амнаас нь унах болсон. Дорнод зэрэг Улаанбаатараас хол, БНХАУ-ын хилтэй ойрхон тариалан эрхлэгчдийн улаанбуудайг эхний ээлжинд экспортлох эрх өгөхгүй бол шатахуун, тээвэр өндөр болсон энэ үед Дорнодоос ачуулсан будаа Улаанбаатарт алт болоод ирэх цаг ойрхон болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан гэж гүнжийн өвчтэй танхилуун бацаан энэ салбарыг ойлгохгүй, мэдэхгүй байж цээжээ дэлдэж худлаа мэдэмхийрснээс болж дээрх байдалд хүрлээ. Алив тэр биржээр борлуулаад алаад өгдөг баатар
Гадаадад экспортлох талаар төрөөс зохицуулж өгөх нь чухал. Хамгийн гол нь импортоор авдаг үнээрээ экспорт хийх хэрэгтэй.
Цэнгүүн нь арай зөв хэлж дэ гэж бодож байна
Гол нь улаан буудайн чанар шүү дээ. Үйлдвэрт тэнцэхгүй тэжээлийн натур муутай цавууллагүй хорчгор буудайг гурил үйлдвэрлэлд тэнцэхгүй гэдгийг нь бичээчээ. Тариаланчаас мөнгө авж бичих юм аа.