Ашигт малтмал, газрын тосны газраас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр: Шатахууны хомстолын асуудал үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Татан авалт хэвийн үргэлжилж, үр дүнгээ өгч байгаа. Иргэдэд оочир үүсгэж, бухимдуулсандаа төрийн байгууллагын зүгээс уучлал хүсэж байна.
Татан авалтын хэмжээнд нөлөөгөө үзүүлж байгаа. Нэг ШТС 24 цагт 10 тонн шатахууны борлуулалтыг хэвийн үедээ хийдэг байсан. Гэвч тухайн ШТС-д оочер дараалал үүссэнээр борлуулалтын тоо хэмжээ нэмэгдэх, хэдэн цагийн өмнө дуусах, бензин нь дуусахад хий соролт үүсэх, агуулахаас ШТС-аа цэнэглэх гэх мэт процессууд явагдаж байгаа. Үүнийг иргэд бензин дууссан мэтээр буруу ойлгож байх шиг байна.
Шатахуун ямар нэгэн байдлаар тасалдсан зүйл байхгүй. Замын-Үүд болон Сүхбаатар боомт дээр бензин буугаад, хэвийн тараагдаж байгаа.
Дэлхийн зах зээл дээрх үнэ тогтвортой байж байгаад өсөлт явагдаж байгаа. Монгол бол импортлогч улс. Үйлдвэрээ барьсан үед шатахууны үнийн асуудал яригдана.
"Сод Монгол" группийн ерөнхий захирлын тушаал гарч дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалтыг хийсэн гэх тайлбарыг авсан. Өчигдөр УУХҮ-ийн сайд ААН-ийн төлөөлөлтэй уулзаж ярилцахад тухайн үед техникийн алдаа гарсан гэдгээ "Сод Монгол" группээс хэлсэн бөгөөд залруулга өөрсдөө гаргасан байсан" гэв.
Шатахуун импортлогчдын төлөөлөл: Нөөц хэвийн байна. Шатахуун тасраагүй. Өчигдөр 16.00 цагаас хойш дараалал үүсэж, шөнө зарим шатахуун түгээх станцуудын шатахуун дууссан. Манай 28 ШТС хэвийн ажиллаж байна. ШТС-ууд дунджаар 10 тонны нөөц байдаг. БНХАУ-аас өдөр бүр шатахуун хүлээн авч байна. Тухайн ШТС-ын нөөц багасахаар бид худалдан авалтад хязгаарлалт тавьсан. Түүнээс компанийн агуулахын нөөц хэвийн байна.
Үнийн тухайд АИ-92-ын үнийг нэмэх шийдвэр гараагүй байна. Бид алдагдал хүлээж байгаа нь үнэн. Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөр үнийг шийднэ.
АИ-92-ын улсын долоон хоногийн, нийслэлийн тав хоногийн нөөцтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.