Онцгой байдлын газарт сүүлийн өдрүүдэд бүртгэгдсэн хэрэг зөрчлийн мэдээллийн дийлэх нь айлын гэр, байшин, зөөврийн сууц шатсан тухай дуудлага байна.
Онцолбол, өчигдөр (2021-09-29) Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд таван ханатай гэр шатаж, иргэн 52 настай П болон нэр, нас тодорхойгүй нэг хүн амь насаа алдсан байна. Галын дуудлага өчигдөр орой 20:00 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгджээ. Аврах багийнхан 20:17 цагт очсон ч харамсалтай нь иргэдийг аварч чадаагүй байна.
Үүнээс гадна Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багт 54 настай, эрэгтэй Э нь энэ сарын 27-нд гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагын дагуу ажиллаж, эрлийн багийнхан таяг олдсон газраас зүүн зүгт Хэрлэн голын усанд осолдсон болохыг илрүүлжээ. Сураггүй алга болсон иргэн хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан бөгөөд талийгаачийн цогцсыг өнөөдөр өглөө цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн Ховд аймгийн Манхан сумын нутаг, Ботгоны хавцал гэх газарт “Пронтер” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч болох 29 настай эрэгтэй М амь насаа алджээ. Зорчигч 43 настай иргэн Д-ийн хоёр хөл овтомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. Энэхүү ноцтой ослын дуудлага өчигдөр өглөө 09:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.