"Үндэсний номын өдөр-30" арга хэмжээ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Бичиг соёлын өдөрт бүх номын сангууд, эрдэмтэн зохиолчид, номын худалдаа эрхлэгчид өөр өөрсдийн үзэсгэлэн, бүтээлээ дэлгэн оролцож байна.
Тухайлбал, Үндэсний төв номын сан болон Богд хааны ордон музейнүүд энэ өдөрлөгт гэр музей дэлгэн, өөр өөрсдийн онцлог, ховор ном зохиолуудыг дэлгэжээ.
Үндэсний номын сан л гэхэд 3 сая 500 орчим ном, бүтээлтэй. Тэднээс нэнэ ховор долоон эрдэнэ, есөн эрдэнээр бичсэн судрууд, алт, мөнгөөр бичсэн ном товхимолуудыг дэлгэжээ. Үндэсний номын сангийн гэр музейд Монголын хамгийн том Жадамба судрыг ч дэлгэж, иргэд, олон нийт ади авах боломжийг бүрдүүлжээ. Мөн Үндэсний номын сангийн шинэ барилгын жижигрүүлсэн хувилбарыг ч олон нийтэд танилцуулж байна.
Харин Богд хааны ордон музейн гэр музейд 1-8-р Богдын богд талаас судалсан судалгааны баримт материал, 8-р Богдыг хаан талаас нь илүү судалсан бүтээлүүд дэлгэжээ.
Тухайлбал, 8-р Богд ямар хачин, сонин зүйлс сонирхож, цуглуулдаг байсан талаар "Хаан Богдын өв" нэртэй каталоги гаргасан бол Тагнуулын архивын газартай хамтраад тагнуулын тоон тэмдэгтийн тухай "Богд хааны нууц цифр" гэх номыг ч гаргажээ. Богд хаан төр, засгийг эмхлэн байгуулж байх ахуйдаа нууц цифр ашигладаг байсан тухай, язгуурын төр улсыг сэргээн мандуулахдаа тагнуулуудыг ашиглан ажиллаж байсан талаар сонирхолтой түүхийг бичжээ.
Улмаар "Богд хааны ордны шувууд" нэртэй номд Богд хааны ордонд дэлхийн улс орнуудын 70 гаруй шувуу байдаг байсан тухай ч сонирхолтой мэдээллийг агуулсан бүтээл дэлгэжээ. Иймд үзэгч, уншигч та бүхэн "Үндэсний номын өдөр" арга хэмжээн дээрээс дээрх сонирхолтой ном бүтээл, бичиг соёлын үзэсгэлэнг үзэж, худалдан авалт хийх боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.