АНУ болон олон улсын тэргүүлэх эрдэмтдийн баг одоогоор олон нийтэд коронавирусийн вакцины нэмэлт тунг тарих шаардлагагүй гэж үзэж байна. Эрдэмтэд энэхүү дүгнэлтийг одоог хүртэлх шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн гаргасан бөгөөд үүнийхээ үр дүнг "The Lancet" сэтгүүлд нийтэлжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ба АНУ-ын Хүнс, эмийн захиргааны албаны хоёр өндөр албан тушаалтнаас бүрдсэн эрдэмтдийн багийн хэлснээр Америкт батлагдсан коронавирусийн вакцинууд нь дельта хувилбар болон түүнээс үүдэлтэй хүнд хэлбэрийн өвчлөл, эмнэлэгт хэвтэх хэмжээний хүндрэлийн эсрэг өндөр үр дүнтэй хэвээр байгаа аж.
Тэд "Шинжлэх ухааны судалгаанаас харахад вакцины хүнд өвчлөлөөс хамгаалах чадвар өндөр хэвээр байгаа тул нийт хүн амын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд вакцины тунг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Вакцины нэмэлт тун нь цар тахлын одоогийн үе шатанд тохиромжгүй" хэмээн дүгнэн бичжээ.
Мөн нэмэлт тун тариулсны дараа зүрхний шигдээс болон ховор төрлийн зүрхний үрэвсэл гэх мэт гаж нөлөө түгээмэл тохиолдох эрсдэлтэй байх аж. Эдгээр гаж нөлөө илрэх магадлал вакцины хоёр дахь тунгийн дараанаас нэмэгддэг бөгөөд гурав дахь тунг тарих нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Гэхдээ вакцины тогтоох дархлаа суларч, эсвэл илүү аюултай шинэ хувилбар гарч ирвэл нийт хүн амын дунд нэмэлт тарилга хийх шаардлагатай болно гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа юм. Түүнчлэн хоёр тун вакцины дараа хангалттай дархлаа тогтоогүй ба дархлааны систем нь суларсан хүмүүст нэмэлт тарилга хийх нь тохиромжтой хэмээн мэдэгджээ.
Тэгвэл АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн албан тушаалтнууд өнгөрсөн сард хорт хавдар, ХДХВ-ийн халдвартай хүмүүс болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд нэмэлт тарилга хийх зөвшөөрөл олгоод байгаа юм.
Эх сурвалж: CNBC
Орчуулагч: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.