Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа.
Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлсэн. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах зорилготой юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төлөвлөсөн.
Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгоно
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” ийнхүү хэрэгжиж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэлээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Түүнчлэн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэсэн юм.
“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна. Одоогоор төсөлд хамрагдсан залуусын 641 нь аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.
Эх сурвалж: Zasag.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Chuhal ajil shu