Исламын зэвсэгт бүлэглэл болох Талибаны гишүүд Афганистаны Дэд ерөнхийлөгч Амрулла Салехийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө болон алтан гулдмайнуудыг хураан авсан байна.
Талибаны Соёлын хорооны Мультимедиа хариуцсан дарга Амадулла Мутаки өөрийн Твиттер хуудаснаа "Исламын Эмират улс Амрулла Салехын гэрээс 6.5 сая ам.доллар болон 18 ширхэг алтан гулдмайг хураан авав" гэх тайлбартай бичлэгийг энэ сарын 13-ны өдөр байршуулжээ. Харин Талибаны эсрэг босогчид болон Дэд ерөнхийлөгч Салехийн зүгээс энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
د امر الله صالې په کور کې شپږنیم میلیونه ډالر د سرو زرو له اتلس خښتو سره يوځای د اسلامي امارت د ځواکونو لاسته ولوېدل. pic.twitter.com/E5YinxvTe0
— Ahmadullah Muttaqi (@Ahmadmuttaqi01) September 13, 2021
Өнгөрсөн сард талибанчууд Афганистаныг эзлэн авах үеэр Ерөнхийлөгч Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират Улс руу зугтсан бөгөөд үүнээс хойш Дэд ерөнхийлөгч Салех эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэн, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсон билээ. Үүний хариуд талибанчууд энэ сарын 10-ны өдөр эсэргүүцэгчдийн төв бааз болох Панжиширын хойд хөндий рүү дайрч, Салехийн ах ба босогчдын удирдагчдын нэг Роула Ажигийг цаазалжээ.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, талибанчууд Ажигийг олны өмнө цаазалсан бөгөөд "түүний шарилыг ялзруулах ёстой" хэмээн мэдэгдээд, оршуулахыг хориглосон байна. Харин Талибаны зүгээс Ажигийг цаазаар аваагүй гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг Панжиширээс нийслэл Кабул руу зугтах замдаа талибанчуудтай тулалдан, амиа алдсан гэжээ.
Эх сурвалж: Dong-A Ilbo
Орчуулагч: Г.Энхсаруул
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.