Ковид-19 халдварын эсрэг үйлчилгээтэй Арбидол эмийг эмчилгээний жагсаалтаас хассан гэх мэдээлэл тархаж байна. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
-Арбидолыг ковид-19 халдвартай өвчтөнүүдийн эмчилгээний жагсаалтаас хассан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Коронавируст халдварын эсрэг эмчилгээний түр журам гэж байдаг. "Ковид-19” нь шинэ вирус учир ДЭМБ болон бусад улс орнууд эмчилгээний заавар зөвлөмжөө байнга шинэчилдэг.
Яг үүний адилаар Монгол Улс ч гэсэн "ковид-19”-ийн эсрэг эмчилгээний удирдамждаа өөрчлөлт оруулдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн сайдын А 549 дүгээр тогтоолоор есдүгээр сарын 6-нд энэхүү жагсаалтыг шинэчилсэн. Үүнд орсон нэг өөрчлөлт нь Арбидолыг sars cov-2 буюу коронавирусийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтаас хассан явдал юм.
-Арбидолыг яагаад өвөрмөц эмийн жагсаалтаас хасахаар болсон бэ?
-ДЭМБ-аас "ковид-19”-ийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эм гэж зарлаагүй учраас манайх Арбидолыг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтаас гаргаж ерөнхий вирусийн эсрэг үйлдэл бүхий эмийн сонголтод оруулсан. Өнөөдрийг хүртэл олон хүнийг уг эмээр эмчилж байна.
Арбидол эмийн тухайд томуу, томуу төст амьсгалын вирусийн шалтгаант цочмог халдварт өвчинд түгээмэл хэрэглэдэг.
ОХУ-д тус эмийг томуугийн улиралд юм уу коронавируст халдварын хөнгөн болон сэжигтэй тохиолдолд эмчийн заавраар хэрэглэж болно гээд заачихсан байгаа. Тиймээс манайх ч гэсэн цаашид "ковид-19” туссан хүний биеийн нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан эмчийн зааврын дагуу хэрэглэх юм.
Өөрөөр хэлбэл томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглээний заалтыг өргөтгөж өгсөн гэж хэлж болно.
Өөр нэг шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүдэд энэхүү эмийг зөвлөхгүй байгаа. Мөн элэгний дутагдал, элэгний архаг хууч өвчтэй хүмүүст ч гэсэн. Учир нь халдвар авсан үед заавал Арбидол авч уу гэхээр дээрх онцгой заалттай хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй болчихоод байгаа юм. Тиймээс эмчийн заалтаар гээд байгаа юм.
-Өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалт гэж юу вэ?
-Өвөрмөц үйлдэлтэй эм гэдэг нь зөвхөн тухайн өвчний эсрэг үйлдэлтэй гэдгийг нотолсон эм гэсэн үг. Sars cov-2 буюу короновирусийн эсрэг үйлдэл бүхий цор ганц эмийг дэлхий дахинд зарлаагүй байна. Хараахан гараагүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл одоогоор вирусийн эсрэг ерөнхий үйлдэл бүхий эмийг хэрэглэж байна гэсэн үг юм. Манайд хэрэглэж байгаа эмүүдэд ч эмнэл зүйн үр дүн сайн байгаа. Арбидол, авиган, горприносон, вефирон зэрэг вирусийн эсрэг ерөнхий үйлдэлтэй эмүүдээс сонгоод хэрэглэж байна.
Тухайн эм бүр хэрэглэх заалт болон эсрэг заалттай. Тиймээс эмч энэ бүгдийг харгалзан сонгох боломжтой юм.
-Төрөөс эм ханган нийлүүлдэг байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-МУ-ын эмийн худалдан авалт хувийн хэвшил дээр суурилдаг. Хувийн эм ханган нийлүүлэх байгууллагууд эм оруулж ирж, түүнээс нь улс нөөцөө бүрдүүлдэг. УОК болон ЭМЯ-с өнгөрсөн хугацаанд эмийн нөөц бүрдүүлэх шийдвэр гарган, цар тахлын үед эмийн нөөцийг хэрхэн хангаж ажиллах тал дээр анхаарч ирсэн.
Тиймээс коронавируст халдварын давлагаа дэгдсэн ч эмийн хомсдолд орохгүй гэсэн үг юм. Арбидол эмийн нөөц манайд хангалттай байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.