Ковидын хуулиар Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа байгуулж, нүүрс тээвэрлэлт тойрсон гацааг арилгахаар ажиллаж буй. Уг бүрэн эрхт захиргааны даргаар генерал Ш.Лхачинжав, орлогч даргаар нь УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа томилогдон ажиллаж байгаа юм. Гэвч Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа байгуулагдсанаар нүүрс тээврийн жолооч нар ажил, орлогогүй боллоо гэх гомдол гаргах болсон. Уг асуудлыг бид Цагаанхад гаалийн хяналтын бүс, Өмнөговь аймгаас газар дээрээс нь сурвалжиллаа.
БНХАУ-ын тал нүүрс тээвэрлэж орж ирж байгаа жоллооч нар ямар ч халдваргүй байх шаардлага тавьж байна. Тиймээс Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа ажиллаж эхэлснээр жолооч нарыг 40/40-өөр нь багцалсан хэлбэрт/бөмбөлөг/ оруулж, бусадтай хавьтал үүсгэж, халдвар авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Ингэснээр нүүрс тээврийн компаниуд тээвэрлэлт хийх жолооч нараа 40/40-өөр нь багц болгон 14 хоног тусгаарлаж байгаад, шинжилгээ аваад, сөрөг гарсан тохиолдолд хил нэвтрүүлдэг болжээ. Харин монгол талд шинжилгээ өгсөн жолооч нар хятадын хил давж дахин шинжилгээ өгөөд, халдваргүй бол нүүрсээ тээвэрлэж байна.
Ийм зохион байгуулалтад 5000 гаруй жолоочийг оруулан, ажиллаж байна. Цагаанхад-Гашуунсухайт руу нүүрс тээвэр хийдэг 200 гаруй компанийн 15-16 мянган жолооч байдаг. Тус компаниуд өөрсдийн гэсэн кэмптэй бол жолооч нараа кэмпдээ тусгаарлаж, кэмпгүй нь сумынхаа зочид буудлуудтай тохиролцон, зочид буудалд 14 хоног тусгаарлаж байгаад, ээлжээ ирэнгүүт жолооч нараа тээвэрлэлтэд оруулдаг байна. Хэрэв нэг "бөмбөлөг"-ийн 40 жолоочийн нэгээс халдвар илэрвэл тухайн 40 жолоочийг хилээр гаргахгүй, буцаадаг байна.
Ингэснээр жолооч нарын дунд халдвар тархах эрсдэл багасч, өдөрт 150 машин нүүрс хил нэвтрүүлж байсан бол одоо 280 болж нэмэгджээ.
Мөн үүнийг дагаад Цагаанхад орчмын бүс нутаг эмх цэгцтэй болж, жолооч нар машиндаа хоног төөрүүлдөг байсан зэрэг эрсдэлүүд багасч, жолооч нар компанийнхаа зардлаар тав тухтай тусгаарлах байр, зочид буудалд амарч, ээлжээ хүлээдэг болжээ.
Жолооч нарыг "бөмбөлөг" зохион байгуулалтад оруулж ажиллахад сумын эмнэлэг, цагдаа, АТҮТ, Онцгой, хил гаалын хэдэн зуун төрийн алба хаагчид дайчлагдан ажиллаж байна.
Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг зарим үед зогсоож, зарим үедээ багаар татан авалт хийж байгаагаас үүдэн манай улс 8-9 сая тонн нүүрсийг Цагаанхадны боомт дээр овоолоод байна. Энэ бүх нүүрс хятад компаниудын худалдан авсан нүүрс.
Харин уг нүүрсийг хилээр гаргаж дууссаны дараагаар уртын тээвэрлэлт/Тавантолгой-Цагаанхад/ хэвийн үргэлжлэх боломж бүрдэнэ. Уг гацааг арилгахын тулд Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, Тавантолгой компаниуд хамтран Терминал барьжээ. Уг терминал 9-р сарын 18-наас ашиглалтад орох бөгөөд нүүрсийг чингэлэгт тээврээр хил нэвтрүүлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Teged haashaa yum 1 hunees bolj 39 hun ajilgui boloh uu utgagui teneg yum hiihee bolij uz