Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, Хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хороо 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн ажиглалтын үнэлгээний тайлангаа гаргажээ.
Тус хороо нь энэ удаагийн сонгууль ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтууд, ардчилсан сонгуультай холбогдох бусад олон улсын үүрэг, хэм хэмжээ болон дотоодын хууль тогтоомжуудтай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор ажиглалт хийж, нарийвчилсан үнэлгээ өгснөө тайландаа дурдсан байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэхдээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн эсэхийг хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газар цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан зэргийг онцолсон байна.
Үндэсний аудитын газар аудитын дүгнэлтээ ил тод мэдээлж, сонгуулийн сурталчилгаа хийх эрх чөлөөг хөндөлгүй мэдрэмжтэй хандсан хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн байна.
Түүнчлэн Үндэсний аудитын газар сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэх үүднээс сонгуульд өрсөлдсөн намууд санхүүгийн тайлангаа өгөх онлайн платформ, тайлангийн загварыг шинээр нэвтрүүлснийг ил тод байх зарчмыг баримталсан хэмээн сайшаажээ.
ЕАБХАБ-ын Сонгууль ажиглах тусгай хорооны зүгээс Үндэсний аудитын газар Нээлттэй нийгэм Форумтай хамтран хийсэн сонгуулийн зардлын тайлан гаргах цахим платформыг амжилттай нэвтрүүлсэн явдалд тусгайлан талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.