ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, И.Орхоныг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2-д заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгасан гэнэ.
Тэрбээр ХӨСҮТ-д үйлчлэгч, асрагчаар ажилд орох хүсэлт гаргасан цөөнгүй хүнээс хахууль авч, ажилд томилуулдаг байсан бөгөөд түүнд зуучилдаг хүн нь ч гэрчээр мэдүүлэг өгч үйлдлийг нь баталгаажуулсан аж. Тиймээс бусдад нөлөөлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж шүүгч дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бололтой. Бидэнд олдсон мэдээллээр энэ хэрэгт нярав албан тушаалтай хүнийг ч холбогдуулаад буй гэнэ.
Түүнээс өмнө АТГ-ынхан ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг нь албадан саатуулж шалгаж эхэлсэн. Хэдийгээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай саатуулсан ч шүүхээс батлан даалтад гаргасан юм байна. Түүнийг PCR болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, удирдлагатай нь хуйвалдан хахууль авсан үйлдэлд буруутгасан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэт хотын бүсийн оношилгооны хүний нөөцийг даруй шалгах хэрэгтэй. Олон эмё нарын албан тушаалыг дураараа шиыддэг дарга эмч нар нь ч үхтлээ айдаг.