Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийжээ.
Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн хоёр жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай "гуравдагч хөрш" Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон юм.
Даян дэлхийн улс орнууд нэг гэр бүл болохыг харуулж байдаг Олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, энэ удаагийн Олимпын наадам хүн төрөлхтөн цар тахлыг амжилттай даван туулсны бэлгэ тэмдэг болон түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа "Ковид-19" цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлсэн байна. Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцолжээ.
Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгджээ.
Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна.
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиох билээ. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцсон юм. Ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг "Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарлахыг санал болгосныг Монголын тал талархан хүлээж авсан байна.
Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг талууд сайшааж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор ярилцжээ.
Талууд олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаар болсон байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ё.Сүга сүмогийн шинэ аваргатай болсонд баяр хүргэжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийж буй айлчлал үргэлжилж байгаа юм. Тэрээр маргааш хүндэт зочдын хамт Цог жавхлант Эзэн хаанд бараалхаж, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, гишүүдтэй уулзах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.