Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу экспорт, импортын гол боомтыг ногоон бүс болгох зорилгоор ачаа тээврийн Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүд тус суурьшлын бүсэд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "ПСР" шинжилгээний явуулын таван баг гарган, суурьшлын бүсэд байгаа бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж, ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байранд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байгаа аж.
Мөн Цагаан хад суурьшлын бүс рүү нэвтрэх хоёр шалган нэвтрүүлэх цэг дээр шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ. Түүнчлэн ХӨСҮТ-өөс тархвар судлаач хоёр эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулж байгаа юм.
Ханбогд сумын Хайрхан багийн төвд зургаан цагт 150 сорьцод шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори 24 цагаар ажилладаг билээ. Мөн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хилийн 0131 дүгээр анги, Авто тээврийн төвөөс хяналтын 26 цэг, хөдөлгөөнт эргүүлийн таван чиглэлд 124 албан хаагч хоёр ээлжээр, 24 цагаар авто тээврийн болон иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.