Казунори Такишима сүүлийн 15 жилийн турш бүх Олимпын наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрт аялж, Японы баг, тамирчдаа дэмжсээр ирсэн аж. Тэгвэл түүний төрсөн хот болох Токиод тохиох энэ удаагийн зуны олимпыг үзэх нь түүний хамгийн том мөрөөдөл байсан хэдий ч коронавирусийн цар тахлын улмаас энэхүү мөрөөдөл нь дуусгавар болжээ.
Тэрээр "Токио-2020" олимпын үеэр аль болох олон арга хэмжээг үзэгчийн суудлаас үзэх зорилготой байсан аж.
Ийнхүү тэрээр өөртөө болон найз нөхдөдөө зориулж 197 тасалбар худалдаж авсан бөгөөд бараг 40 мянган ам.доллар зарцуулсан байна.
Такишима энэ талаар "Үүнд итгэмээргүй их цаг хугацаа, хүчин чармайлт, хүсэл тэмүүлэл шаардагдсан. Гэхдээ би Олимпын наадамд маш их хайртай учир хэчнээн хүнд хэцүү байсан ч тасалбар худалдаж авах үедээ үнэхээр их баяртай байсан" хэмээн "CNN" агентлагт ярьжээ.
Хэрвээ тэрээр тасалбарыг нь худалдаж авсан бүх тэмцээнээ үзвэл Олимпын наадмын хамгийн их арга хэмжээг үзсэн хүн болж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтооно гэж тооцоолоод байсан аж. Харамсалтай нь, одоо Такишима худалдаж авсан тасалбаруудаа буцаахаас өөр аргагүй болсон билээ.
Тэрээр "Одоо би уйтгар гунигаар л дүүрэн байна. Би тасалбаруудаа харах бүртээ уйлдаг. Үнэхээр харамсалтай байна" хэмээсэн юм.
45 настай Казунори Такишима нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд анх 2005 онд уран гулгалтын тэмцээн үзсэнээсээ хойш спортод дурлан, улмаар Олимпын наадмын үнэнч шүтэн бишрэгч болжээ. Тухайн үед тэрээр 2006 оны Торино Олимпын наадмын тасалбарыг шууд худалдаж авч байсан аж.
Энэ талаар тэрээр "Би тэр уран гулгалтын тэмцээнийг үзэхдээ хүлээлт багатай байсан. Гэхдээ Шизука Аракава алтан медаль хүртсэн тэр мөч надад маш их урам зориг хайрласан бөгөөд би тэр цагаас хойш Олимпын наадам үзэх дуртай болсон. Тамирчдын хүчин чармайлт, хүсэл эрмэлзэл намайг Олимпын наадмыг үзэхэд хүргэдэг. Тамирчид медаль аваад баярын нулимс унагаж байгаа, эсвэл ялагдал хүлээгээд харамслын нулимс дуслуулж байгааг нь хараад надад илүү их хичээх хүсэл төрдөг" хэмээн тэмдэглэжээ.
Энэ удаагийн Зуны олимпын наадам үзэгчгүй болох бөгөөд тэмцээнийг зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтнууд болон зарим төлөөлөгчид үзэх боломжтой билээ.
Японд цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид дөрөв дэх удаагийн онцгой байдлыг зарлаад байгаа бөгөөд Токио хотод бүртгэгдэж буй өдөр тутмын шинэ тохиолдлын тоо мянга даваад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.