АНУ-ын Вашингтон хотын "Нэйшнлс Парк" цэнгэлдэх хүрээлэнд болж байсан бейсболын тоглолтын үеэр зэвсэгт халдлага болж, гурван хүн шархаджээ. Бямба гарагийн орой болсон тоглолтын үеэр буун дуу сонссон үзэгчид болон тамирчид сандралдан гүйлдэж, хоргодох газарт нуугдсан байна.
Албаныхны мэдээлснээр буудалцаан цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болсон бөгөөд дотор байсан хүмүүст ямар ч аюул заналхийлээгүй аж. Гэвч шархадсан гурван хүний нэг нь цэнгэлдэхийн гадна байсан бейсболын шүтэн бишрэгч эмэгтэй байжээ.
Вашингтоны цагдаагийн газрын Орлогч дарга Ашан Бенедикт "Тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах гудамжинд хоёр автомашинд байсан иргэд харилцан гал нээсэн. Зэвсэгт халдлагын үеэр шархадсан хоёр хүн нь эдгээр хоёр автомашины нэгэнд нь сууж явсан зорчигчид. Тэднийг одоо эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаа нар байцааж байгаа" хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Бямба гарагийн тоглолт нь "Вашингтон Нэйшнлс" болон "Сан Диего Падрес" багуудын хооронд болж байсан бөгөөд тэмцээний үлдсэн хэсгийг ням гарагийн үдээс хойш хүртэл хойшлуулсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.