Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргаж наадмын бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ. Нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалт, хүчит бөхчүүдийн бэлтгэл Хүй долоон худагт эхэлж, хурдан морины уралдаанд морьдоо сойх уяачид тус тусын уяан дээр уяа сойлгоо тааруулж байсан юм.
Гэвч өнөөдөр /2021.07.01/ УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийж наадмыг хойшлуулах санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Коронвирусийн халдварын тархалт ихээр нэмэгдэж байгаа бөгөөд ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд тодорхой санал, санаачилга гаргаж, Засгийн газар, УОК-д хандаж байна. Юуны өмнө улсын баяр наадмыг хойшлуулах саналыг гаргасан. Бидний саналыг Ерөнхий сайд хүлээн авсан" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "УИХ дахь эмэгтэй гишүүд Ковид19-ийн улмаас амиа алдсан хүмүүсийн хүүхдүүдэд насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай сан байгуулсан. Өнгөрсөн жил "Хүүхдийн төлөө фонд"-д хоёр тэрбум төгрөг цугларсан. Энэ мөнгөөр коронавирусийн улмаас өнчирсөн болон эм, тарианы мөнгөгүй байгаа хүүхдүүдэд тусламж үзүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэлээ.
Энэ асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж эхний ээлжид Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Улсын онцгой комиссын уг саналыг Засгийн газар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.