Сэтгүүлч, орчуулагч, зураач Даржаагийн Алтанцэцэг “Sitary” хэмээх уран бүтээлийн дөрөв дэх үзэсгэлэнгээ UB INN hotel & gallery-д гаргажээ.
Түүний хувьд уран зураг, дуу хөгжимд дуртай бөгөөд өөрийн сонирхлоор 2018 оноос МУЭ-ийн зураач Л.Бумандорж багшийн шавь болжээ.
МУЭ-ийн зураач Л.Бумандорж “Багшийн хувьд шавь маань өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад сэтгэл өндөр байна. Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч өөрийн дур сонирхлоор уран зураг зурж байгаа нь сайхан. Манай дугуйлангийн хувьд мэргэжлийн бус хүмүүсийг урлагт ойртуулах сонирхолтой. Д.Алтанцэцэгийн хувьд нарийн техник шаардсан арга барилаар мэргэжлийн зураачаас дутахааргүй зурдаг” гэсэн юм.
Д.Алтанцэцэг “Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог бол Монголын тал нутаг, сайхан байгалийг харуулахыг зорьсон. Уран зургуудаараа дамжуулан хүмүүст гэгээлэг сайхан мэдрэмж өгөхийг хүссэн. Миний хувьд Дэлхийн агаарын бохирдлыг бууруулах тогтвортой хөгжил сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг тул ирээдүйд уран бүтээлээ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн онгон байдлыг хэвээр хадгалахтай холбоотойгоор туурвина. Миний хувьд хоббигоо улам хөгжүүлэх болно” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.