ЗХЖШ-ынхан хүний амьдралыг хэрхэн хохироож буй асуудлаар өмгөөлөгч Г.Балжмаа, хохирогч О.Батдэлгэр нар мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Г.Балжмаа:
-Миний үйлчлүүлэгч хохирсон асуудлыг тодруулахаар би ЗХЖШ-ын холбогдох удирдлагуудтай уулзах үед үл тоосон байдалтай, бохь зажлаад, хөлөө аччихаад, утсаараа нууцаар бичлэг бичээд, хүн тавлаж, доромжилж инээгээд сууж байна. Зэвсэгт хүчний жанжин штабаас халагдсан хүн ямар ч тэтгэвэр тэтгэмж авдаггүй, өөр ажил эрхэлж болдоггүй. Энэ хүн хүндэт харуулын ангид жагсаалын дарга байсан хүн. Эх орныхоо төлөө хүч хөдөлмөрөө зориулсан хүнийг энэ мэтчилэн хэлмэгдүүлэхээ зогсоохыг ЗХЖШ-аас шаардаж байна. Энэ хүн цэрэгтэй дүрмийн бус харьцдаг байсан бол тус ангийн олон байлдагч гарын үсгээ зурж хамгаалахгүй байсан.
Хохирогч О.Батдэлгэр:
-Би ЗХЖШ-ын дарга удирдлагуудын шийдвэрээс болж хохирч явна. 2021 оны гуравдугаар сард зэвсэгт хүчинд хугацаат алба хааж байсан байлдагч н.Бямбадорж надад зодуулсны улмаас гүйлсэн булчирхай цочиж шүд цуурсан гэдэг худал гомдол гаргасан. Уг гомдлыг шалгах ёстой эрх бүхий албан тушаалтнууд миний гэм бураатайг тогтоогоогүй мөртлөө элдвээр дарамталсаар байгаад ажлаас халсан. Би 2012 онд хугацаат цэргийн албанд элсэж, улмаар армид буудагч, пулёмотчин болж улирч ажиллах хугацаандаа сахилгын болон зөрчлийн хэрэг нэг ч гаргаж байгаагүй. Эх орныхоо төлөө зүтгэж яваад би н.Бямбадорж гэдэг байлдагчид гүтгүүлж, одоо 6-12 сарын хорих ялтай гэмт хэрэгт холбогдон шалгуулж байна. Армид алба хааж буй алба хаагч хүн энэ мэтчилэн гүтгүүлж цаашид олноор хохирохыг үгүйсгэхгүй. Тиймээс миний би зориг гарган энэхүү мэдээллийг хийж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.